Оны эхний гурван сард ДОХ-ын 7 тохиолдол бүртгэгджээ

Манай улсад ДОХ-ын халдвар бүртгэгдсэнээс хойш 12 хүн хорвоог орхижээ. Дэлхий нийтээр чимээгүй тахал болсон ДОХ-ын өвчлөл манай улсад нэмэгдсээр байна.  зөвхөн оны эхний гурван сарын байдлаар л гэхэд долоон шинэ тохиолдол бүртгэгджээ. Анх 2-3 жилд нэг, хоёр тохиолдол илэрдэг байсан бол 2000 оны дундаас эрс нэмэгдэж байгаа энэ өвчлөл  одоогоор 90 хүрээд байна. Оны эхний гурван сард бүртгэгдсэн  долоон  өвчлөл нь янз бүрийн хэлбэрээр илэрчээ. Сайн дураараа шинжилгээнд хамрагдаж ДОХ-ын вирүс тээгч гэдгээ мэдсэн хүн байхад, өөр өвчнөөр өвчилж эмнэлэгт хэвтэхээр шинжилгээнд хамрагдахдаа халдвар тээгч гэдгээ мэдсэн хүн ч байгаа.  ДОХ-ын халдвар тээгч 90 хүнээс 12 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Халдвартай хүмүүсийн тав нь 15-19 насныхан. Харин 16 нь 20-24, 25 нь 25-29, 15 нь 30-34 насныхан байгаа бол 35-44 насны 26 хүн халдвар авчээ. 46-аас дээш насны гурван хүн бий. Эндээс харахад ид хийж бүтээх насны залуучууд халдвар тээгчдийн дийлэнх хувийг эзэлж байна. Эхний жилүүдэд бүртгэгдсэн тохиолдлууд голдуу гэр бүлгүй хүмүүсийн дундаас илэрч байсан бол  сүүлийн үед гэр бүлтэй, тогтсон амьдралтай хүнээс халдвар илэрч байна. Хамгийн гол нь ДОХ-ын халдвар ямар замаар халдварладаг вэ гэдгийг хүн бүр мэддэг ч түүнээс өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа нь эрдэл дагуулж байгаа юм. Тэгэхээр хүн бүр, ялангуяа өсвөр насныхны дунд өөрийгөө хамгаалах ухамсар суулгах хэрэгтэй байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих