Анагаахын төлбөрийг 50 хувиар нэмэх санал гаргалаа

2000Улсын сургуульд орох гэсэн боловч оноо хүрсэнгүй. Мөнгө хандивын ангид нь орлоо. Ямар сургуулийн юуны ангид орж байгаагаас хамаараад хандив нь өөр байдаг гэх хэл ам жил бүр дэгддэг. Тэгвэл энэ асуудлыг боловсролын яамныхан шийдэхээр болжээ. Учир нь БШУ-ы сайд Л.Гантөмөр төрийн болон их дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж ирэх дөрвөн жилд дээд боловсролд хийх шинэчлэлийн асуудлаа танилцууллаа. Дээрх бодлогыг хувийн болон төрийн их, дээд сургуулийн төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан гэдгээ БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр энэ үеэр онцолж байлаа. Уулзалтад 80 гаруй их, дээд сургуулийн 160 гаруй төлөөлөгч оролцож салбарын яамнаас боловсруулсан бодлогод үнэлэлт өгч, өөрсдийн саналаа илрэхийллээ.  ­­­­­­­­­

Дээд боловсролын чанарын шинэчлэлийг хоёр үндсэн бүлэгт хуваан боловсруулжээ. Нэгдүгээрт, суралцагчийн чанар. Хоёрдугаарт, дээд боловсролын байгууллагын бие даасан байдал. Суралцагчийн чанарт нэн тэргүүнд ахлах сургуулийг кредит цагийн үнэлгээтэй болгож үүнийг нь их, дээд суруульд дүйцүүлэн тооцох гэнэ. Мөн лицей сургуулиудыг дэмжиж их сургуульд орох бэлтгэл хангалтыг хийх аж. Түүнчлэн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод туслаж, мэргэжил тус бүрийг тэдэнд таниулах арга хэмжээг жил бүр хийхээр төлөвлөсөн байна. ­­­­­

Их, дээд сургуульд элсэгчдийн чадвар, мэдлэг муу байгаатай уялдуулан ирэх хичээлийн жилээс бүх элсэн суралцагчаас монгол хэлний ерөнхий шалгалт авахаар болжээ. Мөн их, дээд сургуульд эхний хоёр жил ерөнхий эдрмийн, дараагийн хоёр жил мэргэжлийн хичээлд заадаг болох гэнэ.

Мэргэжил сургалтаар элсэлтээ шударга болгох, элсэгчдийн төлөвшил хөгжил, тэтгэлэг дэмжлэг зэрэг нэлээд хэдэн чиглэлд хуваасан байна. Энэ нь чанартай төгсөгчийг бэлтгэх гол хүчин зүйл хэмээн тодорхойлжээ. ­­

Өнөөгийн нийгэмд төгсөгчдийн ихэнх хувь нь зөвхөн дипломын төлөө явж байна. Тиймээс үүнийг өөрчилж дипломоос мэргэжил мэдлэгтээ илүү ур чадварыг нь сонгодог байх хэрэгтэй гэдгийг албаныхан онцолсон. Их, дээд сургуулиуд нь санхүүгийн нэгээс хоёр эх үүсвэртэй байдгаас аливаа зүйлээс хараат байдаг. Тийм учраас олон санхүүгийн эх үүсвэртэй болох асуудлыг нэлээд хөнджээ. Тухайлбал, хувийн хэвшлийн буюу ажил олгогч байгууллагуудын их, дээд сургуулиудтай харилцах уялдааг сайжруулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах зэрэг санааг дэвшүүлжээ. Уулзалтын үеэр салбарын сайдын хэлсэн үгийг тоймлон хүргэе. ­­­­

БШУ-ы сайд Л.Гантөмөр:

ЦАЛИН ЧИНЬ ГОЛОГДООД БАЙГАА БОЛ ЯВЖ БОЛНО

 

-Дээд сургуулийн багш нарын хөгжил зөвхөн хувь хүнээс хамаарна. Дунд сургуулийн багш нар шиг онлайн хэлбэрээр сургалтын арга зүйгээ сайжруулж байна. Тэгвэл дээд сургуулийн багш нар ч гэсэн ийм хэлбэрт шилжих хэрэгтэй. Ер нь их сургуулийн багш өөрөө хөгжиж чадахгүй бол ямар ч хэрэггүй. Магистр, докторын зэрэг цолтой багш болчихоод өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол болих хэрэгтэй.

Багшийн заадаг лекцийг ил болгох болно. Нэг лекцээ ганц удаа уншаад оюутнууд хуулаад үлддэг асуудлыг болиулна. Лекцээ видео хэлбэрт оруулаад онлайн сүлжээгээрээ тараадаг болох юм. Тэр лекцийг хэн ч үзэж болдог. Боловсролын мэдээллийг цахим системд шилжүүлнэ. Ингэснээр дээд боловсрол нээлттэй болно гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Нэг багшийн лекцийг ямар ч сургууль авч ашиглаж болох боломжтой тийм нээлттэй системд шилжих болно. ­­­­

Мөн манайхан ямар нэг юм болохоор ажлаа солино, хаяна, гарна гэдэг. Үүнийг болих хэрэгтэй. Чадахгүй бол явна л биз. Хүнийг хүчээр байлгадаг зүйл хаана ч байхгүй. Цалин чинь гологдоод байгаа бол баяртай. Явж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөр хийх ажил зөндөө байгаа очоод хий. Харин хөгжлийг заавал шаардах хэрэгтэй.  ­­­

Мөн энэ үеэр зарим сургуулийн багш, удирдлагууд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, санал дэвшүүллээ.        ­

 

“Монгол” дээд сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэг:

ИХ СУРГУУЛИЙН ШАЛГУУРЫГ ӨНДӨР БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

 

-Дээд боловсролын чанарын шинэчлэлд тусгах хэдэн санал байна. Тухайлбал, шинжлэх ухаанд хөрөнгө зарцуулдаг сургууль бараг байхгүй. Монос бага зэрэг хөрөнгө зардаг байх. Өөр тийм сургууль байдаггүй. Тиймээс шинжлэх ухааны судалгааг дэлхийн улс орны жишгийн дагуу цөөн хэдэн сургуульд төвлөрүүлэх хэрэгтэй. Харин хөрөнгө мөнгийг нь улсаас санхүүжүүлдэг байхаар. Мөн их сургуулиудад тавьдаг шалгуурыг өөрчлөх ёстой. Их сургууль гэсэн өчнөөн сургууль байна. Өндөр шалгуур тавиад түүнд хүрсэн сургуулийг их сургууль гэх хэрэгтэй. Үгүй бол 160 гаруй их сургуультай болох гэж байна. ­­­

 

ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийн захирал н.Отгонбаяр:

АНАГААХЫН СУРГУУЛИЙН ТӨЛБӨРИЙГ 50 ХУВЬ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

 

-Хувийн анагаахын сургуулийн төлбөр хоёр сая 300 мянгаас хоёр сая 800 мянган төгрөг болтол өссөн байгаа. Гэтэл ЭМШУИС-ийн  сургалтын төлбөр 950 мянгаас нэг сая 400 мянган төгрөг байна. Сургалтын төлбөрийг цалиндаа тавиад л дуусдаг. Гэтэл өндөр боловсрол эзэмшсэн багш нар бага цалинд тогтохооргүй болж байна. Томоохон байгууллагын өндөр төлбөртэй хувийн эмнэлэгт алдах эрсдэл маш өндөр байна. Үүнд бодлого барих хэрэгтэй байна. Тиймээс сургалтын төлбөрийг 50 хувь нэмэгдүүлэх тооцоог гаргасан байгаа. Гэтэл Засгийн газраас их сургуулиудыг 10 хувиас илүү нэмж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байна.

Э.ОРХОН /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих