Монголын твийтрийн “нам” мэндэллээ

32_ea5389b49830900798d002d050317973fefe7755Янз нь манай улсад ийм нэртэй нэг “нам” шинээр мэндэлж байна. Хэдэн жилийн өмнөөс үр тогтоон бойжиж, бойжуулж эхэлсэн юм хойно, одоо ч цаг нь ирсэн. Шинэ “нам”-ыг ерөнхийд нь твийтэр, ‘гишүүд”-ийг твийтэрчид буюу жиргээчид гээд томьёолчиход болмоор. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхнөөс ер нь твийтрийн “нам” бий болчихсон л доо. Удахгүй болох Монгол Улсьш Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан тус “нам” нэлээд идэвхжих аястай. Твийтрийн “нам”-д манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд гэхчлэн эрх мэдэлтэй идэвх өндөртэй хүмүүс олон бий. Ер нь бүх намаас твийтэрт жиргэж, үйл ажиллагаагаа мэдээлж, сурталчилж байгаа. Бас нэг нэгнийхээ “но”-г гэмгүй юм шиг дэлгэхдээ ч гаргуун.

 

Нэг хэсэг нууц ноёнтон байснаа одоо ил гарсан улстөрч жиргээчид бий, бий. Нэг жиргээнийхээ араас хэр олон жиргээч дагуулж чадна тэр хүн “нам” дотроо лидер болоод явчих учраас сонин, содон жиргэж, оноо цуглуулах гэдэг байх. Тэгээд ч олон жиргээч дагуулахын тулд лидерүүд”нам” дотроо ямар нэг арга хэмжээ сэмхэн зохиож өрсөлддөг гэж байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр лав он гарснаас хойш ээлж дараалан жиргээчдийг дагуулан Цэцээ гүний оргил руу гарсан. Хууль зүйн сайд хэдхэн хоногийн өмнө хууль зүйн салбарын шинэчлэлийн тухай болон шинээр боловсруулж, УИХ-д өргөн бариад буй хуулийн төслүүдээ жиргээчдэд танилцуулав. Сайд чухам тэдэнд л зориулан уулзалт зохион байгуулж буй нь тэднийг ихэд чухалчилж үзсэн хандлага биш гэх аргагүй. Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулсан уулзалтад танхимын багтаамжаас шалтгаалан эхний 100 хүнийг оролцуулахаар хязгаарлаж байна гэсэн сураг гарна билээ. Уг нь ирвэл ир, байвал бай л биз дээ. Гэтэл 100 хүнээр хязгаарлана энэ тэр болж үнэрхсэн нь цаанаа олон хүн ирүүлж, олон хүнийг боловсруулж аваад, нийгэмд өгөх гэсэн мэссэжээ тэднээр үнэ өртөггүй хүргүүлчихнэ гэсэн тийм нэг барьж боломгүй хар яваад байгаа юм. Энэ мэтчилэн твийтрийн “нам”-ын жиргээчид манай нөлөө бүхий улстөрчдөд ямар хэрэгтэй нь төвөггүй ойлгогдоно. Ер нь улстөрчдийн хувьд нийгмийн хамгийн тал засууштай хэсэг яах аргагүй твийтэрийн “нам”-ынхан боллоо.

 

Тиймдээ ч хамт хуушуур идий, ууланд гарья, бөмбөг тоглоё, зугаалья гээд зүгээр суулгахаа больсон. Ингэж талдаа татах арга хайж, дагагч жиргээчээ олон болгох нь өрсөлдөгчөөсөө нэг алхам урд яваагаа харуулна гэсэн үг болохоор ингэх нь аргагүй ч биз. Улстөрчид өөрсдийг нь ямар нэг байдлаар “үнэлээд” байгааг мэдэрсэн зарим овсгоотой жиргээч ил цагаан “Монголын твийтрийн нэгдсэн нам байгуулья” гэж хошигноцгоох болсон байна билээ. Бүр дөнгөж байгуулж байгаа “нам”-ыг маань фракц, жигүүрт хуваах гээд хэрэггүй гэхчлэн  “эсэргүүцлээ” илэрхийлсэн нь ч байна. “Намд элсвэл гоё юм өгөх үү” гэж зарим нь дамшиглаж ч байх шиг. Өнгөрсөн намар УИХ-ын намрын чуулганы нээлт болсон өдөр твийтрийн “нам” дотор нэг сонин үзэгдэл болсон. Юу вэ гэвэл, нэг жиргээч “МАН-ын жиргээчид хааччихав аа” гэсэн нь МАН-ын ч АН-ын ч жиргээчид байдаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлж орхисон юмдаг. Саяхан Сонгуулийн ерөнхий хорооноос Монголын facebook болон twitter-ийн админуудад “хамтран ажиллах” хүсэлт явууллаа гэсэн сураг сонсогдлоо. Бас саяхан “Монголын жиргээчдийн нийгэмлэг” гэсэн нэртэй төрийн бус байгууллага албан ёсоор байгуулагдаж, аль нэг нам, эвсэл, хувь улстөрчийн улс төрийн сурталчилгааг хийхгүй, улс төрөөс ангид байна гэж мэдэгдсэн. Энэ бүхэн яах аргагүй Монголд твийтрийн гэх “нам” бий болсныг илэрхийлээд байх шиг ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны жиргээчдийн нэг ч өөрөө төдийлөн жиргэдэггүй байснаа өнгөрсөн орон нутгийн сонгуулийн өмнөхөн гэнэт идэвхжиж “Нэр дэвшигч, ухуулагч нар манай гурван гэрээр ирэхгүй юм.

 

Идэвхтэй сонгогчдын хувьд бидэнд хэлэх юм байх л юм”, “18 ба түүнээс дээш насны эрхэм иргэд ээ, ирэх лхагва гаригт болох орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Таны сонголт дэлхийг өөрчлөхгүй ч Монголыг өөрчлөхөд нөлөөлнө. Ялангуяа орон нутгийн удирдлагыг өөрчлөх эс өөрчлөхөд шүү” хэмээн дараа дараалан жиргээ нисгэсэн. Манай мэдрэмжтэй Ерөнхийлөгч твийтрээр ингэж жиргэх нь ач холбогдолтойг мэдэж мэдэрсэн болоод тэр. УИХ-аар батлаад удаагүй байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа өөрийн цахим хуудсыг ашиглан явуулж болохоор заалт оруулж хуульчилсан байна билээ. Энэ нь Facebook Twitter-ээрээ өөрийгөө матгаж, магтуулах боломж гэсэн үг. Бас дагадаг жиргээчиддээ далдуур  захиалга өгч өрсөлдөгчөө доош нь хийлгэж ч болно.

 

Өчигдөр л гэхэд Ц.Элбэгдорж 58685, Б.Бат-Эрдэнэ 8158, Н.Удвал 75 дагагчтай хэмээн цахим ертөнцөд хэн нь илүү дэмжигчидтэйг нь гайхуулсан байв. Ер нь одоо ч байдал нэг иймэрхүү л байгаа. Энэ байдал цааш улам идэвхжиж, энэ сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан МАН, АН, МАХН Твийтрийн “нам”-ынхан дээр алалцах нь бараг ойлгомжтой, тодорхой юм. Тус бүртээ талдаа татах гэж хөөрхөн л юм болох байх. Зарим нэг цагаандаа гарагчид нь худалдан авах гэж ч үзнэ. Үүнййг дагаад саналын хулгайн шинэ технологи нэвтрэхгүй гэх аргагүй. Твийтрийн “нам” дотор цаашид сонирхолтой юм юу болохыг ажиглацгааж л байя.


URL:

Сэтгэгдэл бичих