“ИВОМЕК”-ТЭЙ МАХ ИЛҮҮ ҮНЭТЭЙ

Дээхнэ үед манай хөдөөгийнхөн  биомицин гэдэг эмийг зун хонь муулахын өмнө уулгадаг байсныг мэдэх юм. Ямар учиртайг хожим дуулахад халуунд мах бээж муудахгүй удаан хадгалагддаг байсан юм билээ. Одоотой адил айл бүр хөргөгч, хөлдөөгчтөй ч байсан биш.  Тэгэхээр нэлээд хүчтэй эм байсан хэрэг. Тэгвэл өнөө цагт малдаа тарга тогтоох гэж гурван төрлийн тариа шахчихдаг болжээ. Нэг нь Хятад улсаас оруулж ирдэг “Ивомек” нөгөө хоёр нь ОХУ-аас авчирдаг  “Гамабит”, “Витам” нэртэй  тариа гэнэ. Монголчууд  хүнсний аюулгүй байдал гэж ярьдаг ч гаднаас оруулж  ирсэн импортын бараанд л энэ тухай ярихаас биш мах, сүү, ногоо, гурилдаа төдий л анхаардаггүй. Нэг үгээр хөдөөний бүхэн “ориг” том шошготой байсан хэрэг. Тэгээд ч ялангуяа  махны хувьд үнэ нь өндөр байна гэж  хэл ам хийхээс биш өөхтөй л бол аваад зооглож орхихоос биш чанарт төдийлөн анхаардаггүй.

Гэтэл яг үнэндээ  малчдын  хотноосоо барьж иддэг нь чанартай байхаас хотод оруулж  борлуулдаг нь өөрсдийн нь идэшний махнаас огт өөр. Зах зээлд бизнесийн орчин өргөжих тусам сайны хажуугаар саар нь дагаж явдаг ажээ. Монгол Улс малаа эрүүлжүүлэх гэж гаднын төсөл хөтөлбөрөөс багагүй мөнгө хүртэж, малчид  ямаа, ноос, ноолууранд чамлахааргүй шан хүртээд байгаа. Мөн жилийн жилд  улсаас малдаа ганц удаа үнэгүй вакцин хийлгэдэг. Мөнгө цагаан, нүд улаан  гэдгээр дэндүү жудаггүй загнах нь энгийн үзэгдэл болжээ. Ноолуураа  жин  ахиулах гэж чийглэх, нарийн шороо цацдаг бол, махаа муутгахгүй гэж тариа шахдаг.  Өнөөдөр малын эм, тариа хил гаалиар ямар ч хяналт шалгалтгүй орж ирдэг бөгөөд ийм бизнесийг хувь хүмүүс хийдэг тул зөвшөөрөлгүйгээр малын эм худалдаалах нь хэрээс хэтэрчээ. Улсын хэмжээнд 373 мал эмнэлэг бий. Түүнд хамааралгүйгээр  100 гаруй бие даасан малын эмийн сан ажиллаж байна. Мал эмнэлгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй найман нэрийн эмийг ОХУ, Хятадаас хууль бусаар оруулж ирж түүнийг нь хувь хүмүүс авч борлуулдаг байна. УМХЕГ-аас 2011 онд аймаг, нийслэл, сумдын мал эмнэлэгт хийсэн шалгалтаар Ховд, Увс, Баян-Өлгий, Говьсүмбэр,Сэлэнгэ аймагт мал бүхий иргэд, бизнес эрхлэгчид чанарын шаардлага хангаагүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй мал угаалгын бодис, боловсруулалтын эм бэлдмэл, “Ивомек”  тариаг хилээр оруулж ирж малчдад худалдсан нь илэрчээ. Тодорхой нэргүй, яаж хэрэглэх тухай орчуулсан зааваргүй хятад эм, тариаг одоо хэр нь малд хэрэглэсээр байна. Сүүлийн жилүүдэд  малчдад хамгийн эрэлттэй тариа “Ивомек” болжээ. Түүнийг бизнес эрхлэгчид Хятадын Эрээн хотоос оруулж ирж малчдад шахдаг. Тэр тариа 5000-20000 төгрөгийн үнэтэй байгаа. “Нарантуул”  худалдааны төвийн малын эмийн сан алхам тутамд үргэлжилнэ. Хотын боссууд хөдөө малаа эргэхээр явахдаа  тэр тариаг хайрцаг хайрцгаар нь авч явдаг гэсэн. “Ивомек” тариаг малд хавар, намарт хийх ёстой гэж заасан ч малчид улирал харгалзахгүй шахдаг болсон.  “Ивомек”-ийн зориулалт нь малын бие дэх шавьжийг устгаж, тарга тэвээрэг тогтооход  тустай аж. Харамсалтай нь энэ тариа байнгын хэрэглээ болжээ. Бидний зоогонд тавигддаг наадмын хонь, ямааг холоос машинд  ачиж ирэхдээ махыг нь шолбойлгохгүй гэж “Ивомек”-ээр тарьчихаад ирдэг гэх. Энэ тариагаар тарьсан малын махыг 20-30 хоногийн дотор хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн заалттай. Тэр бүү хэл сүүг нь ууж болохгүй гэдэг юм билээ. Үнээний фермээс сүү гэрээлдэг хүмүүс “Ивомек” амтагдаад  гэж ярихыг сонссон. Туршлагатай ахмад малын эмч  “Чи мах худалдаалдаг захууд дээр очиж ажиглаарай. Махаар дүүрэн худалдааны төвд ялаа бараг үзэгдэхгүй. Яагаад гэхээр тэр сайхан, тарган маханд чинь ямар нэгэн тариа шахаастай байгаа юм. Ямар тариа шахдагийг би мэднэ. Тэр их мах нэг өдөртөө борлогдчихно гэж байхгүй шүү дээ. манай шинэ цагийн малчид мал маллахад амар болжээ. Улсаасаа мөнгө нэхээд авчихна. Мал өтөхөд ялааны хор шүршчихнэ. Махаа муутгахгүй гээд “Ивомек” шахчихна.  Энэ тариа монгол хүний биед чимээгүй тахал тарааж байгаа. Одоо Орос, Германаас оруулж ирдэг болсон байна билээ” гэж ярьсан.  Хэдэн жилийн өмнө би айлын хотонд мал тарьж байхтай таарсан юм. “Ивомек”-ийг ишиг, хурганд тарих ёсгүй гэдэг.  Ишиг тариулсан даруйдаа орилж цовхрон, хүзүүгээ гилжийлгэн тойрч давхиж байгаад зүгээр болох юм билээ. Хүчтэй тэр тариаг малд хийж байгаа юм гэж бодоход дамжаад хүний биед ч энэ хүчтэй эм тариа л байж таарна. Ийнхүү монголчууд таргалалтыг  малынхаа махаар дамжуулан хүртээд байгаа юм биш биз гэсэн хардалт төрөхөд  хүрч байна. Цаашдаа “Ивомек”-тэй мах илүү үнэтэй гэж мэдэх нь.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих