Хотын захын хороолол

1363691172_mongolia8zr-Фельетон-

Монголын нийслэлд захын хороолол гэж ад үзэгдсэн орон зай байх. Ерөнхийдөө хотын төвийн оршин суугчид болон баячууд, дээдсүүд түүний нэрийг яриандаа хэрэглэхийг цээрлэхийн дээр хэрэглэвэл амаа угааж дараа нь өндөр градустай архиар зайлж асгах шахуу юм болно.

Үнэндээ Монголын нийслэлийн хамгийн заваан, муу, муухай хоцрогдол бүхний үүр уурхайг “захын хороолол” хэмээн нэрлэх учир тэгэхээс ч яахав гэмээр.

Жирийн хүмүүс бол өөрсдийн оршин суудаг тэр муу муухайн үүр болсон газраа “хогийн хороолол”, “шарилт хороолол”, “харанхуй хороолол”, “хайр тусдаггүй хороолол”, “хаягдсан хороолол” гэх мэтээр нэрлэнэ.

Эдгээр нэрлэлт нь үнэн байдлыг илэрхийлсэн нэр томъёо учраас ардууд цэрвээд байх зүйгүй гэж үзнэ.

Тэр захын хороолол гэгчид ядуу жирийн хүмүүс амьдрах бөгөөд жинхэнэ болон луйврын баячууд “хулхи”-ны улстөрчид, авлигын дээдсүүд босгыг нь алхах юм уу зүглэх нь тун ховор.

Сонгууль мэтийн элдэв шоуны үед юм уу мөнгө босгодог ганц нэг дэлгүүр мэтийн зүйлээ эргэхдээ л хорт утааны баг, химийн цув зэргийг өмсөж, хамгаалалтын баг дагуулан, хөдөлгөөн зогсоож дохио хангинуулан очно. Энэ нь дөрвөн жилд нэг юм уу хоёр л удаа болдог хэрэг.

Тоос шороо боссон, хог хаягдал хөглөрсөн, муу усны үнэр нэлхийсэн газарт чинь ялангуяа манай “энхрий хайрт” сайд, дарга нар яахан олон очиж болох билээ. Тэгээд ч уулзах хүмүүс нь үеэ өнгөрөөсөн хөгшид, өмхий үнэртсэн архичид, хог ухагч, шил цуглуулагчид, сайндаа л хувийн үйлдвэрийн ажилчид, дунд сургуулийн багш, өрхийн эмнэлгийн эмч, ядуу албан хаагч нар байх учир сайд дарга нарын нүдийг булингартуулж, сэтгэлийг бохирдуулахаас цаашгүй хэрэг.

Тэнд цахилгаан шугам мөчиг тачиг хүрсний дээр “хулхи”-ны засмал замын үзүүр дөнгөж хүрээд тасрах бөгөөд гудамжны гэгээ гэрэлтүүлэг, явган зам, халуун хүйтэн усны хангамж зэргийг ярихын ч хэрэггүй.

Мөнгө цуглуулагч хувийн том, жижиг автобуснууд дуртай, дургүй очиж хөл залгуулах төдийгээр үйлчилгээ дуусна. Шарилын газар, хогийн цэг ойр учир тэнд хөглөрөхгүй хог гэж үгүй.

Хорооны Засаг даргын контор гэж жижигхэн байшин байхын дээр дэргэд нь тусгай багананд байрлуулсан төрийн далбаа сүртэйеэ намирахыг хараад л ард олон төр
улсынхаа оршин тогтнож буйг мэддэг гэхэд хилс болохгүй.

Хорооны дарга гэж төр барьж буй намын харьяаллаар томилогдсон хөөрхөн пээдгэр амьтан байх. Томилогдож ирсэн даруйдаа “Олон түмний үгийг сонсоно. Хотын хөгжил хорооноос эхтэй” гэх мэтийг ярьж ялимгүй зүйлийг хиймээр болсноо төдөлгүй элдэв төсөл, тусламжийн мөнгөнөөс хөөрхөн бэлжиж, нэгэн феодал болоод үзэгдэх нь цөөрч явган иргэдэд гүйцэгдэхгүй болно.

Түүний дэргэд хэдэн ядуулаг эмэгтэйчүүд алба хашиж иргэдийн бүртгэл төдий хэдэн хүснэгт дэлгэж завгүй маягийг үзүүлэн суух агаад мэддэг, шийддэг зүйл ховорхон.

Хорооныхны жилд ганц хийдэг ажил нь Цагаан сарын өмнө настангуудыг хүлээн авч “цай уулгах” маягийн зүйл зохион байгуулж хувийн үйлдвэрийн шахааны хэвийн боов мэтийг тараан буян үйлдэн урмын үг сонсох.

“Юм үзээгүй юм болохоороо манай Дэмбэрэл баярлаж л байна” гэдэг шиг хөөрсөн хөгшчүүд “Манай хороо хөгжиж байна. Бид жаргаж байна. Төрийн минь л буян” хэмээн ярьцгааж, хороон даргаа “ухаантай хүү” гэж зарим нь нулимс дуслуулан үнсэхэд бусад нь алга ташна.

Энэ үйл явдал хорооныхонд бөөн таашаал өгснөөр нэгэн жилийн явдал шувтарч нам гүмхэн байдалд орж, засаглалын хомсдол газар авна.

Хорооны цагдаа нар хэдэн архичингаа ноолох юмуу, хаа нэг дэг алдсан хүүхдүүдийг жижигрүүлж төрийн үйлчилгээгээр хангана.

Хаа нэг Солонгос оюутнууд ирж ганц нэг хашаа будаж, урт насгүй гудамжны сандал мэтсийг хийх нь содон.

Захын хорооллын энэ ажин түжин байдалдаа дассан олон түмэн хувь заяатайгаа эвлэрэн, амьдралаа арай ядан залгуулж бор талх, хар цайгаар өдөр шөнийг гэтэлгэнэ.

Нийслэлээс “гэр хорооллыг хөгжүүлнэ”, “дэд бүтэцтэй болгоно”, “сууцаар хангана” гэх мэтийн гоё гоё уриа, элдэв төсөл, зөгнөл байнга сонсогдовч газар дээр буусан нь үгүй болохоор ирээдүйдээ итгэж цогтой алхах амьтан энд үгүй.

Үнэндээ захын хорооллынхны хог, шарилд ойрхон алга дарам газар нь хичнээн хувьчлалд ороод үнэд хүртлээ өдийн дээр цалин тэтгэмжээсээ илүү орлогогүй захын ядуу өрхүүд өндөр хүүтэй зээлээр сууцанд орно гэдэг нь эрүүл хүний ухаанд багтамгүй үлгэр аж.

Байдал ийм болохоор захын хорооллын шоовдорлогдсон ядуус дэмий л “хоногийн хоолтой эрүүл байгаасай” гэж залбиран суухын зэрэгцээ ямар нь ингэж Монголын буяныг язартлаа чихэж шингээж чадахгүй байхад ядуу бид юунд хувь дутаж сууна вэ. Нөгөө ариун ардчилал, хүний эрх эрх чөлөө, тэгш ёс хаана явна гэж дэмий л нэг бухимдаж үнэний бурхныг дуудаж суухаас цаашгүй.

Тэр үнэний бурхан нь ардчилал уу, аль эсвэл Ардын нам уу, Арчилсан нам уу, Элбэгдорж уу, Энхбаяр уу гэдэг нь тодорхойгүй. Ерөнхийдөө захын хороолол гэгч нь Засаг төрийн анхааралд орохгүй цаашаа л яваад байгаа амьдралын тойрог юм.

Тэнд хичнээн гоё ирээдүйг зураглаж, хичнээн дээдсийн лүндэн буулгаад ч “будаг” суухгүй байгаа нь гачлантай.

Харин захын хорооллыхныг дамжин “сонгууль хурдан болоосой” гэсэн нэгэн сэтгэлгээ тэнэж явдаг нь сонин. Учир нь сонгууль болоход элдэв дуу хөгжим, уриа лоозон сонсогдож, ер бусын хөгжүүн болдгийн дээр ил далд бэлэн мөнгө атгуулдаг амьтан олширч төрийн ивээл хайр мэтээр тусдаг аж.

Тэнд гэгээ хэзээ тусахыг тоймлох амьтан өнөө хэрнээ Монголд алга. Захын хороолол хэмээх тэр эмгэнэлийн тойрог шарилтай зэрэгцсээр, хогтой нэтгэлдсээр, согтуурлын манантай, хүчирхийллийн дуулиантай, нүүрсний утааны хөшигтэйгээр ардчиллын ариун нэрийн цаана оршсоор 21-р зууныг элээж байна. Юутай хайран, юутай харамсмаар….

Н.Даваадаш /МУСГЗ/


URL:

Сэтгэгдэл бичих