Мэдлэгт суралцсанаас бөх болсон нь дээр болжээ
Ноёны бөхчүүдийн Монгол орон ухарлаа.
МАН-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүн бөх барилддаг л хүн шүү дээ. 70 жилийн мэдлэг боловсрол ялагдаж 20 жилийн ардчиллын ирээдүй ялагдаж одоо цааш махан бие нь хүчтэй оюуны тархи сул хүмүүсийн цаг ирлээ.
Мэдлэг оюун ингээд махан биенд бууж өглөө. Хүчтэй хүн гэхээр булчин шөрмөс ярьдаг тийм орон болох нь ээ. Уул нь хүчтэй хүн гэхээр мэдлэг боловсрол яримаар даа. Сэхээтэн хүн ерөхийлөгч болох атал бөх хүн ерөнхийлөгч болно гэнэ үү. МАН-ынхан тэгээд сэхээтэнгүй болсон уу? МАН тэгээд сэхээтний нам биш бөхчүүдийн нам болсон уу? Ямар их төөрөгдөл вэ?
Бөх хүн ерөнхийлөгч болно гэдэг тархигүй явахтай адил. Хоосон толгойтой бөхчүүд мэдлэг боловсрол шаардсан 21-р зуунд хоцрогдсон шүү дээ. Бөхчүүд ямар ном уншсан бэ? Хэдэн ширхэг ном уншсан бэ? Англиар ном уншиж чадах уу? Сумо болохын тулд олон аяга будаа иддэг гээ биз дээ. Будаа л иддэг хүмүүс төрийн толгойд гарах нь ээ.
Монгол оронд орчин үе хамгийн сүүлд бөхчүүдэд ялагдлаа. Орчин үеийг ялсан бөхчүүд одоо феодализм, ноёд, баячуудын бөхийг л барилдах байх даа. Бөх хүнийг шүтэж, бөх хүнийг ерөхийлөгчөө болгож, бөх хүнд хамаг амин сүнсээ өгсөн Монгол орон одоо жинхэнэ ноёны бөхчүүдийн орон л болждээ. Наадам тэгэхээр одоо ерөнхийлөгч бөхийн наадам, УИХ-ын гишүүн бөх аварга арслангуудын наадам болох нь ээ.
Урлаг спорт нийгмийг орчин үеийн болгож чадалгүй мэдлэг боловсрол нийтийн болж иргэдийн оюуны чадавхийг баталгаажуулж чадалгүй явсаар ийм л нөхцөл байдал үүслээ. Сэхээтэнтэй байсан орны нүүр царай бөхийн уламжлал зан заншлийн нүүр царайгаар солигдож 1911 оноос өмнөх Монгол орон буцаж ирлээ. Монголын ирээдүй урагшаа биш ухрал байжээ. Хоосон диплом, хоосон профессор, хоосон яруу найрагчид бүгд л Монгол орныг ухрахад өөрсдийн үүргээ гүйцэтгэсэн.
Одоо ингээд барилдацгаа ном битгий унш. Зөвхөн бөх барилддаг орон өөдлөхгүй дээ. Сумо барилдаан хараад УИХ-ын гишүүд ажилдаа ирдэггүй гэсэн. Одоо бөх ерөхийлөгчтэй болоод ёстой л сургуульдаа ирэх ч хэрэггүй биз дээ. Хичээлдээ явсанаас бөх барилдсан нь дээр биз дээ. Монголын ирээдүй орчин үе биш бөх болжээ.
Бөхөө барилдацгаа. Бөхөө шүтэцгээ дээ. Ямар том цохилт вэ? Яаж дахин босох хүч авах вэ? Дахиад буцаад 1911 он болчихлоо шүү дээ.
Доктор С.Молор-Эрдэнэ
URL: