Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөхөн өршөөгдөнө

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол тулгатны 100 эрхэм” гэх нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өршөөхөд бэлэн байна, гагцхүү өөрийнх нь гараар бичсэн өргөдлийг л хүлээж байна хэмээн өгүүлсэн билээ.
Мэдээж Н.Энхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн гараар өршөөл гуйсан захидал бичихгүй нь тодорхой.
Гэтэл өөрийн намаас Н.Удвалыг нэр дэвшүүлж, Ц.Элбэгдоржид “тус” хүргэсэн байдаг.
Энэ ээдрээтэй байдлаас гарах маш ухаалаг шийдлийг тэд олсон тухай эх сурвалжууд  өгүүлж байна.
Үүнийг ч батлах гэсэн мэт өчигдөр УИХ-ын гишүүн Л.Цог, Ц.Цолмон тэргүүтэй улс төрчид “Өршөөлийн тухай хууль” гэгчийг санаачлаад буйгаа өчигдөр мэдэгдлээ.
Хачирхалтай нь уг хуулийг АН-ынхан ихэд дэмжиж буй аж.
Энэ хуулийн төсөлд шүүхийн шийдвэрээр анх удаа ял сонсон, түүнийгээ эдэлж байгаа, ингэхдээ улсад учруулсан хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан нөхцөлд Өршөөлийн хуульд хамрагдана хэмээн заасан нь яг л МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулагдсан мэт.
Энэ хууль гарснаар Н.Энхбаяр ч Ц.Элбэгдоржид захидал бичихгүй, Ц.Элбэгдорж тусгайлан Н.Энхбаярыг өршөөхгүйгээр бүх асуудал шийдэгдэх юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн уг хууль батлагдаж, Н.Энхбаяр өршөөлд хамрагдах гэнэ.

М.Гал /sonin.mn/


URL:

Сэтгэгдэл бичих