Хайрганы компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж тоймгүй олон загас үхжээ
Туул голын сав дагуу Маршалын гүүрний орчимд их хэмжээний загас үхсэн. Загас юунаас болж үй олноороо үхсэнийг тогтоохоор Туул голын сав газрын захиргаа болон Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач нар хамтран уснаас дээж авч, голын голдиролын өөрчлөлтөд хэмжилт хийжээ.
Судалгааны дүнгээс үзэхэд хайрганы компаниуд Туул голын ёроол, голдрилыг ухаж 25-30 м радиуст 1.8-2.5 м гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий орж үхэх гол шалтгаан болсон байна.
Мөн Цүнхээлийн ёроолд усны урсгалгүй тогтонги орчин бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орсноор үхсэн байх магадлалтай аж. Учир нь загасны ам нь нээлттэй, заламгайн хавхаг их ангайсан байдалтайгаар үхсэн нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэжээ.
Загас болон мэлхий үхсэн цаг хугацаа тодорхойгүй учраас тухайн үед, тэр хэсэгт Туул голын ус бохирдолд өртсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байлаа.
Туул голын энэ хэсэг нь 2012 онд тасарсан, мөн 2013 оны өвөл мөсний зузаан олон жилийн дундажаас бага буюу дөнгөж 10-23 см байсан аж. Туул голын ус нэлээд хэмжээгээр багасч, ёроолдоо хүртэл хөлдөж байгаа нь загас болон усны бусад амьтад өвөлжих нөхцөлгүй болсныг харуулж байгаа юм байна. Мөн барилгын ажлаа өргөтгөхийн тулд “Эсто” ХХК гол руу маш их хэмжээний шороо асгасан нь загас үхсэн бас нэгэн шалтгаан болсон гэж тэд үзэж байгаа юм.
Энэ үеэр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Долгорсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тэгэхээр загаснуудыг үхэлд хүргэсэн хайрганы компаниудад ямар хариуцлага тооцох вэ?
-Зөвхөн хайрганы компани ч гэлтгүй нийслэлийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж хэлж болно. Учир нь манайхан голын эрэг дагуух бургасанд хадаг, дарцаг их уяж байна. Машин техник, хивс, хувцсаа ч угаадаг. Энэ нь голыг бохирдуулж, урсацыг багасгадаг.
Голын дэргэдэх бургас бол голын урсацыг нэмэгдүүлж байдаг. Гэтэл хүмүүсийн хадаг уясан хэсэг нь ургахгүй, тэр чигээрээ хатдаг. Иймээс бид нар Туул голын эргийг камержуулж байгаа. Хог хаясан, машин угаасан, хайрга олборлосон компаниудад хариуцлага тооцож, иргэдийг торгох, машиныг нь хураах, компанийн үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авна.
-Одоогийн байдлаар ямар нэгэн хариуцлага тооцсон зүйл байгаа юу?
-Туул голын суурьшлын бүс дагуу 107 хайрганы компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд Туул голоос 970 шоо метр хайрга олборлосон байсан. Эдгээрээс 30 гаруй компанийн үйл ажиллагааг зогсоосон байгаа. Мөн Яармаг-Баянзүрхийг холбон тавьж байгаа зам Туул голоос таван метрийн зайтай л явж байгаа. Энэ үйл ажиллагаа ч үүнд нөлөөлсөн.
-Хэчнээн загас үхсэн бэ?
-Тоймгүй олон загас үхсэн болохоор тоолох боломжгүй.
-Цаашид загасны амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Цаашид ийм зүйл гаргахгүй байх үүднээс Туул голын суурьшлын бүс дагуу хяналт тавьж, эргүүл хийж байгаа. Биднийг гол дагуу эргүүлээр явж байхад хүмүүсийн амарч зугаалсан газар дор хаяж 5-6 архины шил, 20 гаруй пивоны лааз хаясан нь тааралддаг. Энэ нь голыг маш их бохирдуулдаг.
Иймээс хүмүүсийг архины шил лааз, хог хаягдлаа хаяхгүй байхыг хүсч байна. Түүнчлэн Туул голоос олборлосон байсан 900 шоо метр хайргыг голд асгаж, хэвэнд нь оруулсан. Хайрганы компаниудад хатуу хяналт тавьж ажиллана.
Манай байгууллага саяхан байгуулагдсан учир бидэнд хийх зүйл их байгаа. Туул гол, загас амьтнаа хамгаалах ажилд ард иргэд идэвхитэй оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
С.Уранчимэг
Эх сурвалж: niigmiintoli.mn
URL: