Б.Бат-Эрдэнэ аваргыг 9 удаа урьсан
Оролцогч нь уйлж байвал “Монгол туургатны 100 эрхэм” гэдэг нэртэй ярилцлагын нэвтрүүлэг гарч байгаа нь тэр гэдэг. Гэхдээ энэ удаад одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг ч нулимс унагалгүйгээр нэвтрүүлгийг дуусгасан. Түүний оролцсон 1 цаг 48 минутын нэвтрүүлэг нь “хэт нэг намын нэр дэвшигчийг сурталчилсан”, “яг сонгуулийн өмнө цацагдсан нь их мөнгөний ажил”, “наадуул чинь 65 сая төгрөгний төлбөр авсан юм билээ” гэх мэт олон хэл ам, хэрүүл шуугианыг араасаа дагуулжээ.
Иймээс нэвтрүүлгийн хөтлөгч Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, найруулагч “Hero entertainment”-ийн Б.Баатар нар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тэд: бид олон жилийн настай бүтээл хийн эх орондоо хэрэгтэй зүйл хийсэн хүн болгоны үйлсийг мөнхлөхийг хүсдэг. Бидний уран бүтээл жилийн дөрвөн улиралд тасралтгүй явна. Ямар нэг дөрвөн жил тутамд болдог сонгуулиас болоод бид уран бүтээлээ зогсоохгүй… хэмээн мэдэгдлээ.
Түүнээс гадна энэхүү нэвтрүүлэгт оролцсон хэнээс ч мөнгө авч байгаагүй бөгөөд Hero Entertainment-ийн бусад уран бүтээлүүдийн ашгаас уг нэвтрүүлгийг санхүүжүүлж, бүх хар дүрсийг улсын архивт хадгалуулж ирээдүйн уран бүтээлчдийн архивийг бий болгож байгаагаа ч мэдэгдлээ.
Яагаад заавал ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэхүү нэвтрүүлгийг цацсан бэ? Бусад намын нэр дэвшигчдийн ийм нэвтрүүлэг хийх үү? гэсэн сэтгүүлчдийн асуултанд.
Бид уран бүтээлч хүмүүс хийсэн уран бүтээлээ яг олон нийт анхаарч байгаа, тэсрэлт болохуйц үед л цацахыг хүсдэг. Тиймээс ч энэ цаг үед цацсан юм. Энийгээ ч буруу гэж бодохгүй байна. Мөн бид Бат-Эрдэнэ аваргыг 8 удаа урьсан. Сүүлд нь би өөрөө хүртэл ярьсан. Тоймтой хариу өгөөгүй. Хэрэв аварга орно гэвэл маргааш ч зурганд гарахад бэлэн байна. Монгол туургатны эрхэм хүмүүсийг алдаршуулан мөнхжүүлэх энэхүү нэвтрүүлгийн багийнхан “уран бүтээл” хийхийн төлөө ажиллаж байгаа тул бидний эсрэг төрөл бүрийн гүтгэлэг хэрээс хэтэрсэнд тайлбар хийх гэж энэхүү хэвлэлийн хурлыг зарласан юм… гэсэн хариу өглөө.
Анжигай.Г
URL: