Ой хээрийн бүсэд үйл ажиллагаа явуулбал шийтгэнэ
Өвөл ихээхэн цастай байсан. Дээр нь хайлмагтсан цас, бороо нэлээд орж чийг элбэг байлаа.
Гэтэл бүлээн салхины улмаас хуурайшилт үүсч түймэр гарч болзошгүй тул Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж ой хээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг ирэх сарын арван хүртэл түр хугацаагаар хориглов.
Ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаал, Улсын онцгой комиссын даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилготэй энэ шийдвэрийн хугацаанд ойд аялах, ан агнах, түлээ мод бэлтгэх, ойн дагалдах баялаг ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулбал хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч шийтгэх аж.
Аймгийн удирдлага үүрэг болгохдоо сум дундын ойн анги, сумдын Засаг дарга нар энэ үеэр сум орон нутагтаа ажлын хэсэг, хяналтын эргүүл болон байнгын хариуцлагатай жижүүр ажиллуулж цагийн байдлыг аймгийн онцгой байдлын болон байгаль орчин аялал жуулчлалын газарт тогтмол мэдээлж байхыг заажээ.
Түүнчлэн сум бүр нутаг дэвсгэртээ түймэр гарч болзошгүй байдлын зэрэглэл тогтоож хэрвээ буурсан нөхцөлд галын дүгнэлт гаргаж иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж болно. Тэгэхдээ хатуу хяналтын дор ой хээрийн бүсэд тодорхой хэмжээгээр, үйл ажиллагаа явуулахыг сумдын Засаг дарга нарт зөвшөөрчээ.
Энэ шийдвэрийн хэрэгжилтэд аймгийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, байгаль орчин, аялал жуулчлалын газар хяналт тавих юм байна.
URL: