“Монгол тулгатны 100 эрхэм” сонгуулийн сурталчилгаа биш гэв

“Монгол тулгатны 100 эрхэм” сонгуулийн сурталчилгаа биш гэв

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт олны танил олон хүн оролцсон. Тэгвэл тус нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  уригдан оролцсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх асуудал сөхөгдөн яригдах болсон.

Иймээс “Херо энтертайнмент”-аас мэдээлэл хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  оролцуулсан тухайгаа ярихаар хэвлэлийн хурал хийсэн. Уг хуралд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Лхагвасүрэн, “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар тэргүүтэй хүмүүс ирсэн юм.

Тэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бол уран бүтээл юм. Бид бүхэн энэ уран бүтээлээрээ Монголын соёл урлаг, шинжлэх ухаан, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн амьдрал уран бүтээлийг тодорхой үзүүлж, хожим дуурсгах хугацааг уртасгах гэж харуулах гэж хичээж байна. Бид хоёр гурван жил энэ уран бүтээлийг хийлээ.

Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай хийсэн нэвтрүүлгийнхээ төлөө сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэж буруутгагдаад байна. Энэ бол зүй бус юм. Учир нь манай нэвтрүүлэг тухайн он цагт зориулагдсан нэвтрүүлэг биш юм. Энэ бол уран бүтээл. Бид Монголын төрийн Ерөнхийлөгч нарыг урьж, цувралаар бүгдийг нь нэвтрүүлэгтээ оролцуулъя гэсэн. Ерөнхийлөгч асан П.Очирбатыг оруулсан.

Мөн хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайг оролцуулахыг хүссэн. Харин тэрбээр “Одоохондоо азная” гэсэн хүсэлт тавьсан. Дараагийн Ерөнхийлөгч нь шоронд байгаа. Түүний дараагийн Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдоржтой бид энэ дугаараа хийсэн” гэж хэлээд мөн Монголын аваргуудаар цуврал нэвтрүүлэг хийхийг зорьсон тухайгаа дуулгасан.

Тэд эхлээд  Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын нэвтрүүлгийг хийсэн. Эрэмбийн дагуу Б.Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлгийг бэлтгэхээр сонгуульд нэр дэвшихээс нь өмнө 7-8 удаа санал тавьсан гэнэ. Гэвч аварга “Завгүй.  Боломжгүй” гэх мэтээр хойшлуулсаар өдийг хүртэл оролцоогүй байна.  Тэд ямар нэгэн хүнийг сонгож, тодорхой цаг хугацаанд нь нэвтрүүлэг хийж болдоггүй гэдгийг ойлгоогүй гэдгийг онцолсон бөгөөд “Бид өөрсдийн ивээн тэтгэгч компаниар нэвтрүүлгийнхээ санхүүгийн асуудлыг шийддэг.  Бид алдар нэртэй, баян хүмүүсээс урьдчилгаа нэрээр мөнгө авч үзээгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байж нэвтрүүлгээ хийдэг” гэсэн юм.

Мөн Ардын уран зохиолч Б.Лхагасүрэн  “Би энэ нэвтрүүлгийн хөтлөгч, редактор хийснээрээ их мөнгө авч үзээгүй. Монгол Улсад уран бүтээл хийнэ гэж зорихын оронд дэмий хэвтэж байсан нь дээр юм шиг санагдаж байна. Бид сайн сайхан хүмүүсийнхээ түүхийг хойч үеийнхэнд нь мөнхлөн үлдээх ёстой.  Бид улсынхаа архивт өгөх юмтай байна.

Монгол Улсын нэрт хуульч, Хөдөлмөрийн баатар Чимэд гуайн нэвтрүүлгийг хийснээрээ бид цаг хугацаатай уралдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэвтрүүлгийг хийснээрээ бараг л тэрбум төгрөг авсан гэж сонин хэвлэлүүд бичиж байна. Тэр мөнгийг аваагүй. Манай нэвтрүүлэгт чадалтай бизнесмэн, баян эрхмүүд ордог. Гэхдээ тэднээс бид мөнгө авч үзээгүй. Хэрвээ тийм бол бид энэ нэвтрүүлгээ “Монгол тулгатны 100 баян” гэж нэрлэх байсан. Ийм маягаар гүтгэлгийн дунд нэвтрүүлэг хийж байгаадаа харамсаж байна. Мөн сайн сайхан чанарыг нь ярихаар сурталчилгаа болчихдогт гайхаж байна” гэсэн юм.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих