Япон улс тавантолгойгоос хувьцаа эзэмшихээр зорьж байна
Тавантолгойд “Чалко”-гоос өөр бас нэг хамтрагч гарч ирсэн нь монголчуудын гуравдагч хөрш хэмээн үнэлдэг Япон байв. Тэд Тавантолгойд урд хөршөөс илүү санал тавьж хамтарч ажиллахад бэлэн буйгаа хэлсэн. Тус улсын хувийн хэвшил, эрдэс баялгийн салбарынхан сарын өмнө манайд чуулж уул уурхайн салбарт түншлэх хүсэлтээ дуулгасан. Тэд “Монголын коксжих нүүрсний зах зээл наран улсад байна. Тавантолгойд хамтрах сонирхолтой байна” хэмээн Япон, Монголын эдийн засаг, эрдэс баялгийн зургадугаар зөвлөгөөнөөр онцолсон юм.
Японууд манай улсаас чанартай нүүрсийг тогмол хугацаанд тогтвортой үнээр худалдан авах, Тавантолгойн ордыг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ тус ордоос хувьцаа эзэмшихийг хүссэн юм. Мөн Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан худалдааны корпораци байгуулах саналыг тавьсан билээ. Манай улс хариуд нь уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын төвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөц чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэхэд хамтран ажиллах боломжтой юм байна.
Харин Японы нүүрсний зах зээл, эдийн засгийн өсөлт сэргэж байгааг гадны сайтуудад мэдээлж эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сард Японы нүүрсний импорт 6.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өсчээ. Нүүрсний импорт огцом өсч энэ зах зээлийн хүрээ тэлж байгааг тус улсын сангийн яамнаас мэдээлсэн байна. Японы нийт нүүрсний импорт энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувиар өсч, 17.9 сая тоннд хүрсэн байна. Одоогоор тус улсын нүүрсний хэрэгцээг Австрали улс 8.95 сая тонноор хангаж, Японы гол нийлүүлэгч болоод байна. Харин Индонез 5.9 сая тонн нүүрсээ тус улсад худалдаалжээ. Мөн Япон улсын ДНБ-ий өсөлт энэ оны эхний улиралд өмнөх улиралаас 0.9 хувиар өсч, жилийн дундаж үзүүлэлтээр 3.5 хувьд хүрчээ. Шинжээчдийн хэлж буйгаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн эдийн засгаа сэргээх эрчимтэй алхамууд дүнгээ өгч байгаа гэнэ. “Манай улсын эдийн засаг сэргэлтийнхээ зөв замд явж байна. Япон улсын эдийн засгийн өсөлт АНУ-тай харьцуулахад сайн байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 2.5 хувь байсан бол евро бүсэд ердөө 0.9 хувьтай байна” гэж Японы судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Хидеки Мацумара хэлжээ. Нүүрснийх нь зах зээл сэргэж, эдийн засаг нь өсөлттэй яваа тус улсын Тавантолгой дахь сонирхлыг “танадаад” үзвэл Тавантолгойг дэлхийд хүргэх шинэ хаалга нээгдэнэ хэмээн эдийн засагчид онцолж байна юм.
/Зууны мэдээ/
URL: