Чихэр, жимсээр хүүхдийн эрх хэмжигдэхгүй
-Хадаастай модоор толгой руу нь цохиж, хүйтэн мэсээр гэмтээх нь гэр бүлийн маргаан гэж үү-
Хүчирхийлэгчдийн гарт өртсөн хөөрхий үрс Таван настай хүүгийн хэрэг уул уурхайн их баялгаас хувь хүртэх мөрөөдөлдөө умбасан монголчуудыг амтат нойрноос нь сэрээлээ. Өнгөрч буй долоо хоногийн турш амтай бүхэн энэ хүүгийн талаар ярьж, сонин, хэвлэлээр шуугилаа.
Гэхдээ хүүгийн хэргийг зөвхөн дуулиан болгоод өнгөрөх учиргүй. Ерөнхийлөгчийн сонгууль, шинэ Боинг, монгол шатахууны талаарх таатай мэдээллүүдийн сүүдэрт дарагдаад өнгөрөх ёсгүй. Тиймээс ч хүүгийн биеийн байдал болон ах, дүү, ээж нь хаана байгаа, эцгийг нь шүүх хурал зэрэг олон асуулт хүн бүрийн дотор эргэлдэж байна.
Энэ хэргийн дараахан өөр нэгэн аймшигт мэдээлэл цацагдсан нь дөрвөн сартай хүүхдийнхээ толгойг модоор цохиж, гэмтээсэн тухай байлаа. Таван настай хүүгийн хэрэг намжаагүй байхад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин аймшигт хэрэг гарчээ. Иргэн Н нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр өөрийн эхнэр Ц-гийн хөлийн шилбэ рүү сүхээр цохиж, дөрвөн сартай хүүхдээ зодож, танхайрсан хэрэг гарсан юм.
Гэмт этгээдийг саатуулан, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тиймээс ч бид дээрх хүүхдүүдийн биеийн байдлыг тодруулахаар ГССҮТ-ийг зорилоо. Өнгөрсөн бямба гарагт гэртээ тамлуулсан таван настай И хүүд Цэргийн госпиталийн эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
Харин “Лантуу дохио” ТББ-ын залуус өнгөрсөн даваа гарагт хүүг ГССҮТ-д авчирсан аж. Тус төвийн нэг цэгийн үйлчилгээний эмч н.Одгэрэл хүүд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэнэ.
Тэрбээр “Хүүгийн хувьд биеийн байдал нь сайжирсан. Шарх нь хөнгөн байсан учраас оёдол тавиад, гадуур цэвэрлэж, боолгуулаад явж байгаа. Эмнэлгээс гарчихсан. Одоо ХЭҮТ-д ээж, ах хоёртойгоо хамт байгаа. Өөр мэдээлэл өгөх боломжгүй. Нэгэнт болоод өнгөрсөн хэргийг ингэж тал, талаас нь дуулиан болгох хэрэг байна уу, та нарт. Бид хүүгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тиймээс ч үүнээс өөр мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.
ГССҮТ-д мөн энэ сарын 13-14-нд шилжих шөнө таван сартай хүүхэд толгой руугаа хадаастай модоор цохиулсан байдалтай хүргэгдэж иржээ. Энэ хэргийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дөрвөн сартай хүүхэд хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл дээрх гэмтсэн хүүхэд дөрөв биш таван сартай аж. Тавхан сартай хүүхдийнхээ толгой руу хадаастай модоор цохиж, араатнаас дор авирласан этгээдийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулчихаад буй. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ээжтэй нь уулзахыг хүссэн боловч тэрбээр татгалзсан юм.
Сэтгэлзүйн хувьд цочролд орсон хөөрхий эмэгтэй хүүхдээ хурдан эдгээхийг хүсч байгаа учраас энэ хэргийн талаар ам нээхийг хүсэхгүй байгаагаа бидэнд учирласан. Арга ч үгүй биз дээ. Тээж, төрүүлсэн үрийг нь архинд толгойгоо мэдүүлсэн мунхаг нөхөр нь хадаастай модоор цохиж, гэмтээсэн болохоор. Дээрх хэрэгт өмгөөлөгч томилж өгөхийг ХЭҮТ-өөс хүссэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Бид ГССҮТ-өөс гараад ХЭҮТ-ийг зорилоо.
ХЭҮТ-ийн “Эрхзүйн шинэчлэл” хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч Б.Арвинтариатай уулзсан юм. Тэрбээр хөдөө томилолтоор ажиллаад ирсэн тул энэ хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Гэхдээ тэрбээр “Энэ хэрэг зөвхөн анх удаа гарч байгаа ч зүйл биш. Иймэрхүү гэр бүлийн хүчирхийлэл өнөөдөр Монголын нийгэмд газар авчихаад байна. Хамгийн гол нь бид хуулийн хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах ёстой. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль бол “тэнгэрт” л байгаад байна.
Уг нь бидэнд амьдралд нийцэх, хүнээ, хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах хууль шаардлагатай байгаа. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл, маргаан хоёроо ч ялгаж, салгахгүй, хорооны цагдаа, нийгмийн ажилтнууд нь иргэнтэйгээ ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. Уг нь төрийг төлөөлж ХСҮГ ажилладаг. Гэтэл тэд хүүхдийн төлөө хангалттай ажиллаж чадахгүй байгаад нь миний хувьд шүүмжлэлтэй ханддаг” гэв. Ээжийнхээ энгэрт эрхэлж, суух насандаа харгис эцгийн гарт өртөж, тамлуулсан бяцхан хүүхдүүдийн талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүс нууцалж буй. Энэ хэрэгт ХЭҮК, ХЭҮТ, ХТҮГ, НХГБХГ, цагдаа, хуулийн байгууллага хамтран ажлын хэсэг томилон ажиллаж байгаа аж. Харин тавхан настай нялх үрээ хутга, мэсээр зүсч гэмтээсэн эцгийг өдгөө 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа.
Үүнээс гадна хүүгийн өмгөөлөгчөөр Азжаргал гэх эмэгтэйг ХЭҮТ-өөс томилсон байна. Азжаргалтай утсаар холбогдож, хэргийн талаар тодруулах гэсэн боловч тэрбээр таван настай И-гийн аюулгүй байдлыг хангах үүднээс ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Ямартай ч одоогийн байдлаар таван настай И-гийн хувьд ээж болон ахынхаа хамтаар аюулгүй байгаа аж. Мөн И-гийн хоёр настай дүү нь тураалд орсон байсан тул клиник сувилалд хэвтүүлсэн билээ. Харин таван сартай хүүхдийн хувьд ээжийнхээ хамт эмнэлэгт байгаа бөгөөд мөн л аюулгүй байдлыг нь хангах үүднээс хэргийг нууцалж байгаа юм. Мөн энэ хэрэгт ХТҮГ-аас Болормаа гэх эмэгтэй хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ.
Амьдралд нийцэх хуулиар хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалъя
Монголын нийгэмд ямар аймшигт зүйл бугшиж байгаагийн ердөө энгийн жишээ нь дээрх хоёр хүүхдийн хэрэг.
Архинд живсэн монголын ирээдүй болсон хүүхэд багачууд ямар орчинд өсч, торниж байгаагийн нэг төрх нь.
Өнгөрсөн өдрүүдэд бид хүчирхийлэгч этгээдийн аймшигтайг гайхаж, шогширохоос хэтэрсэнгүй. Эхнэр, хүүхдээ зодож, гарынхаа чилээг гаргадаг, ажилгүй, арчаагүй, архичин, хүчирхийлэгч эрчүүдийн талаар дурдсангүй. Олсон хэдэн төгрөгөөрөө архи гударчихаад, үр хүүхэд, ханьдаа уур, бухимдлаа гаргаж, тэднийгээ зодож, занчих ёстой мэт авирладаг “хүн араатнууд”-ыг хийсэн хэрэгтээ гэмштэл нь хэрхэн шийтгэх талаар огт хөндсөнгүй.
Үнэндээ бол монгол эмэгтэйчүүд нөхөртөө зодуулахаа юман чинээ тооцохгүй амьдарч ирсэн. Эр нөхөр нь хааяа нэг гар хүрдэг байсан ч үрийнхээ эцгийг, ханилсан ханиа хайрлаж, хүндэлсээр амьдардаг. Үр хүүхэд нь ч эцэг, эхээсээ алганы амт хүртсэнийхээ төлөө “би гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө” гэж гомдолдоггүй.
Гэхдээ би энэ удаад гадаадын бусад улс оронтой жиших гэсэнгүй. Монгол гэр бүлийн уламжлалт харилцаа, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх арга барил гэж бий. Гэхдээ монгол эр хүн, эцэг үр хүүхэд рүүгээ хүйтэн мэс далайж, ханилсан ханиа хороож байсан удаагүй.
Харамсалтай нь даяарчлалын эрин зуунд монгол гэр бүлийн нандин уламжлалаа бид гээж, өдрөөс өдөрт хүн чанараа хөсөр орхиж, араатан шинжтэй болж байна. Тиймээс ч эрүүл ухаантай хүнээс гарамгүй мунхаг үйлдэл гаргаж, догшин араатнаас ч дор авирлаж байгаа биз ээ. Уг нь тухайн хорооны цагдаа болон Засаг дарга гэмт хэргийг таслан зогсоож, арга хэмжээ авах эрхтэй байдаг аж. Харамсалтай нь аль ч хорооны цагдаа болон Засаг дарга нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээ хамгаалах гэж дуугардаггүй, хөдөлдөггүй. Цагдаа нарын хувьд гэр бүлийн маргаан, өөрсдөө шийд гээд явуулчихдаг.
Харин Засаг дарга болохоор хороондоо хэчнээн хүүхэд, эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтайг нь мэддэггүй. Хороо тус бүрт ажилладаг нийгмийн ажилтнууд нь халамжийн мөнгөний дэвтэрт гарын үсэг зурахаас хэтэрдэггүй. Үнэндээ бол тэд халамжийн мөнгөнөөс илүү хүнээ анхаарч ажиллах учиртай.
Хорооны нийгмийн ажилтан, цагдаа, Засаг дарга хамтраад хүнээ хамгаалж, хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж байх учиртай. Дээрх хэргүүд үйлдэгдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд хөдөө орон нутгаас шилжин ирсэн, тодорхой харъяалалгүй, ажилгүй иргэд амьдардаг. Тэд олсон мөнгөөрөө эр, эмгүй архи уучихаад, бие биенээ хэмэлж байна. Баянзүрх дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хамгийн их үйлдэгддэг талаар ХЭҮТ-ийнхөн хэлж байсан.
Одоо бидэнд хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хууль хэрэгтэй байна. Аливаа хэргийн үндэс суурь нь болсон архидалтыг таслан зогсоож, архины хяналтын хууль ус агаар мэт үгүйлэгдэж буй. Амьдралд нийцсэн, иргэнээ хамгаалж чадах хуультай болчихвол олон мянган хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдах учиртай. Хүүхдийн төлөө гэсэн сэтэртэй байгууллагууд Монголд хэдэн зуугаараа бий.
Харамсалтай нь тэд хүүхэд хамгааллын төлөө юу ч хийдэггүй. Зөвхөн улсын болон гадаадын төсөл, хөтөлбөрөөс мөнгө халаасалчихаад л сууж байдаг. Зургадугаар сарын 1, шинэ жилийн эрээн ууттай бэлэг, тусламжийн хуучин хувцас, хичээлийн хэрэгслээр хүүхдийн эрх хэмжигдэхгүй.
Үнэндээ монгол хүүхдүүд тоглоомын талбайгүй, хамгаалах хуульгүй, паркгүй, өөрсдийнх нь төлөө дуугарах байгууллагагүй өсч, торниж байна.
/Монголын мэдээ/
URL: