Тамхи худалдаалахыг хориглосон зайг татахыг хориглосон заалтаас ялгаж ойлгох хэрэгтэй гэв

9398b2c44fe83bf87471b305e7a889fc_LУИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлан өөрчлөлт оруулсан Тамхины хяналтын тухай хуульд сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон заалт бий. Харин энэ заалтыг тамхи татахыг хориглосон заалттай андуурч байгаагийн улмаас хуулийг шүүмжлэх, эсэргүүцэх хандлага гарч байна гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр, өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа энэ хуулийн хэрэгжилт сайн байгаагийн зэрэгцээ иргэд хуулийг дэмжин талархан хүлээж авч байгаа гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон. Гэвч утаат тамхи татах орчинг хязгаарлах, ялангуяа дотоод орчинд тамхи татахыг 100 хувь хориглосон энэ хуулийг сүүлийн үед унагах, нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн лобби их явагдах болсон гэв. Тухайлбал, хөдөө орон нутагт энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү, амьдралд нийцэхгүй хууль болсон гэх шүүмжлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон гээд хуулийн зарим зүйл, заалтыг Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбарлав. Тодруулбал сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон заалтыг тамхи татахыг хориглосон заалттай иргэд андуурч байгаа аж. Учир нь тамхи татахыг зөвхөн дотоод орчинд хориглосон, харин сургууль, цэцэрлэгээс 500 метр зайнд гэх зүйл үүнд хамаагүй юм байна.Тамхины хэрэглээнд хяналт тавих хууль батлагдахад эсэргүүцэлтэй тулгардаг бэрхшээл зөвхөн Монголд байгаа бус дэлхийн бусад орнуудад ч гардаг байна. Эдгээр эсэргүүцэгчдийн ард тамхи үйлдвэрлэгч болоод борлуулагчид байдаг ба эсэргүүцэл хоёр шаардлагаар илэрдэг аж. Тамхичдад зориулсан агааржуулалттай өрөө байгуулаач гэдэг эхний шаардлага, тамхичдыг ялгаварлан гадуурхаж байна гэсэн хоёр дахь шаардлагаар нь тамхи үйлдвэрлэгч болоод борлуулагчдын лобби бүлэг, бүлэглэл илэрч, холбогдох хуулийг унагах, эсвэл өөрчлөлт оруулахаар ажилладаг гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мөн мэдэгдэв. Харин иргэд, тэр дундаа орон нутгийнхан дам тамхидалтын эсрэг энэ хуулийг дэмжиж, сэтгэл хангалуун байгаа гэж тэрбээр хэллээ.

/Монцамэ/


URL:

Сэтгэгдэл бичих