Монгол Улс ядуурлыг тооцоолох аргачлал байхгүй гэв

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, өрхийн дундаж орлого болоод ядуурлын хэмжээг тогтоох зорилго бүхий “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны 2012 оны дүн гарчээ.

 “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г Монголын үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран 2007 оноос хойш зохион байгуулж байгаа аж. Ядуурал, амьжиргааны үзүүлэлтүүдийг аймаг, нийслэл, бүс, улсын түвшинд тооцон гаргах нь улс орны хөгжлийн төлөвлөлт, төрөөс хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэхэд чухал ач холбогдолтой мэдээлэл болдог аж. Ингэхдээ жил бүр 11232 өрхийг түүвэрлэн авч, тэднээс өрхийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, зарлага, хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалдаг байна. 2010 онд ядуурлын хэмжээ 38,7 хувь, 2011 онд 33,7 хувьтай байжээ. Харин өнгөрсөн оны хувьд ядуурлын түвшин 27,4 хувьтай гарсан нь сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Монгол Улсад өрхийн иргэн тус бүр сард 118668 төгрөгөөс доош хэрэглээтэй байвал ядууд өрхөд тооцдог байна.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс, “Аливаа улсад ядуурал ямар хэмжээнд байна вэ гэдгийг тогтоох нь нэн чухал. Учир нь үүнийг бодлого боловсруулагчид анхааралдаа авч шийдвэр гаргадаг. Монгол Улсад ядуурал ямар хэмжээнд байна гэдгийг үнэн бодитойгоор тооцоолох аргачлал байхгүй. Тиймээс ядууралтай холбоотой асуудлын аргачлалыг сонгохдоо олон улсын стандартад нийцсэн байхаас гадна Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон аргыг олж, хэрэглэх шаардлагатай. 2010 оноос хойш ядуурал тогтвортой буурч байгаа. Энэ нь Монгол Улс ядуурлыг бууруулахад чиглэсэн зорилгодоо хүрэхэд ойртож байна. Гэхдээ нийт иргэдийн 27 хувь нь ядуу байгааг мартаж болохгүй. Ядуу иргэддээ чигэлсэн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Манай байгууллага ч үүнд снаа тавьж, байнга хяналтандаа байлгах болно” гэв.

/Монцамэ/


URL:

Сэтгэгдэл бичих