Тавантолгойд цахилгаан станц барихад хамтарч ажиллахаар болов

 

Засгийн газар Тавантолгойд 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гаргаад удаагүй байгаа.  Уг цахилгаан станцын   34 хувийг төр эзэмших бөгөөд үлдэх хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эзэмших  юм. Уг төсөлд урьдчилсан тооцоогоор нэг тэрбум орчим ам.доллар шаардагдах ажээ.
Төслийн Удирдах Хорооны дарга, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт  “Ийм том хэмжээний мега төсөлд хөрөнгө босгох ажил амархан биш.
Аливаа мега төсөл төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны үндсэн дээр л бүтдэг, хамтын хөдөлмөрийн үр дүн байдаг гэдэг нь олон улсын туршлагаас харагддаг” гэсэн юм.
Төслийг хэрэгжүүлэхэд сонирхогч талууд хоорондоо мэдээлэл солилцож,  хамтарч  ажиллах талаар “ Төсөл хамтран хөгжүүлэх гэрээ”-нд Төслийн нэгж болон холбогдох талууд гарын үсэг зуржээ.
Тухайлбал, Станц барихад шаардагдах эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлэхэд Эм Си Эс холдинг компани тусалж өмний говьд цахилгаан станц барьж байсан туршлагаа хуваалцах юм байна.
Мөн Тавантолгой дахь цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүчийг голлон авах Оюу Толгой компани Төслийн нэгжтэй хамтарч ажиллахаар болсон байна.
Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан  “Бид төслийг хамтран хийхдээ  цаг хожих явдлыг тэргүүн зэргийн зорилго болгож байна. Том төслийг хэрэгжүүлэхэд цаг алдах нь төслийн өртөг зардлыг өсгөдөг, улс орны урагшлах хөдөлгөөнийг боодог тул алдаа гаргахгүй ажиллахыг эрмэлзэж  байна” гэв. Төслийг удирдахдаа
1. Ил тод байх
2. Үр ашгийг эрхэмлэх
3. Шударга байх
4. Өрсөлдөөнт байдлыг дэмжих
5. Сонирхлын зөрчил үүсгэхгүй байх зэрэг  зарчим баримтлах юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих