Засаа идэх зуур…

1_1368753072Хаврын цагт хүний бие ядарч сульдаад, дархлаа суларч хямраад болохоо байчихдаг. Машин тэргээр бол нэг сайн “капитал засвар” хийхгүй бол зуны дэлгэр цагтай золгож чадах эсэх нь эргэлзээтэй. Ядахдаа даралт дээшээ доошоо хэлбэлзээд, бүр дургүйгээ хүрвэл ойртож сандаргана. Ялангуяа мөн­гө төгрөг ахиухантай, халаас зузаан байвал анд гарч гөрөөс алж байгаад халуун цус уух, далий ягаан цэцгэн дунд суух, хусны үйсийг хутгаар сийчиж байгаад шүүсийг нь авч уух зэргээр “зэрлэг” мөртлөө гоё эмчилгээний аргууд олон бий. Тэр дундаас хэн хүнд хоргүй нэг эмчилгээний арга байна. Хаврын цагт ядаргаа нь ясандаа тулчихаад байгаа хүмүүст хурга мэтийн амьтны засаа “бөөн бэтмээн” болдог. Хүүхэд байхад айл хотлоороо эрчүүд нь малаа хөнгөлж, хүүхнүүд нь тогоо дүүрэн хурганы засаа чанаж, хүүхдүүдэд голдуу  “шахдаг” байв. Томчууд барагтай бол тоохгүй. Засаанд цадсан хүүхдүүд сүүлдээ түүгээр нь тоглочихсон тууж явдагсан. Одоо бол тэр “эм” өдрийн од шиг ховордох дээрээ тулаад байгаа гэх юм.

Хотын ойролцоох мал­тай айлууд хавар болж малаа хөнгөлөх болохоор хүний хөлд дарагдаж, хөөрхий хур­га ишигнүүд тэдний бараагаар хашаа цойлон хуйларч байгаа сурагтай. Дарга нарт “засаагаа” идүүлж, буян болж байгаагаа мэдэхгүй болохоор арга ч үгүй биз. Заавал дарга, ноёд түшмэл ч гэлтгүй хувийн тэрэгтэй хэнбугай ч тав гурван малтай айл руу амралтын өдрийг тааруулан “нисцгээж” байна. Засаа идэх биед сайн, эрүүл мэндэд тустай. Ялангуяа бөөн уураг, амин дэм байдаг гэлцэх юм билээ. Өдрийн сайныг харан байж малаа хөнгөлдөг малчид маань харин хурга мэтийнхээ засааг хэд гурван төгрөгөөр үнэлчихвэл ноолуурын үнэд ч хүрч мэдэх юм шүү. Биед тустай, эрүүл мэндэд сайн гэвэл юунд ч мөнгө хайрладаггүй хүмүүс авч л таарна. Засаа идвэл бие засарна гэнэ. Энэ амралтын өдөр энүүхэн хойшоо гараад ирдэг ч юм уу. Ойрхон явах болохоор “оочер” ихтэй байгаа болов уу, яадаг бол.

 

Б.Оюунгэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих