Дүнчүүр маанийг бүтээхээр болжээ
Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс Дүнчүүр маань буюу 100 сая маанийн бүтээлийг Зопа Ринбүүчи ламтан хөтлөн явуулахаар болжээ.
Дүнчүүр маанийн бүтээл нь Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг олон тоогоор урин уншихыг хэлдэг бөгөөд Зопа Ринбүүчи ламтан ирэх наймдугаар сарын 1-30-нд хөтлөн явуулах юм байна. Маанийн бүтээлийг бүтээхийн ач тус нь хүнд нинжин, зөөлөн сэтгэл төрүүлж, сайн, эерэг энергитэй болж, ойр орчноо адисладагт оршдог аж.
Тиймээс бүх нийтээрээ маанийн бүтээлийг бүтээх нь дэлхийн энхтайваны төлөө хийж буй том буян хэмээн үзэж энэхүү маанийг нэг сарын турш бүтээхээр болжээ. Онцлог нь хүн нэг насаар уншиж байж дуусдаг Дүнчүүр маанийг нэг сарын хугацаанд олны хүчээр бүтээж дуусгах аж.
Маанийг бүтээхийг хүссэн хэн бүхэн Гандантэгчэнлин хийдийн Идгаа Чойзинлин дацанд ирж дүнчүүр маань уншиж, өөрийн сайн сайхны төлөө залбирч, маань бүтээхээс гадна өөрийн биеэр очиж чадахгүй бол тухайн маань бүтээж байгаа цагт сэтгэлдээ бодон чин сэтгэлээсээ унших нь уг маанийн бүтээлд оруулж байгаа хувь нэмэр юм байна.
Ж.Отгон
URL: