Хууль зөрчвөл хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг түр зогсооно
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, СЕХ-ны дэргэдэх сурталчилгааны зөвлөл хяналт тавин ажиллахаар болсон.
Тус зөвлөлд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон төрийн бус байгууллагууд багтах бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн хуулийг хэрхэн биелүүлж ажиллаж байгаад хяналт, мониторингийн судалгаа хийх төсвийг УИХ-ын чуулганы үеэр батлуулсан.
Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн хууль зөрчвөл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу тухайн байгууллагын үйл ажиллагааг гурван сар хүртэлх хугацаанд зогсоохоор хуульчилсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн заасны дагуу цахим мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр чансаа тогтоох, гүтгэх, доромжлохыг хориглосон. Харин сонгуулийн хууль зөрчвөл торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь түр зогсоохоор хуульд тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, хууль зөрчвөл хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нугалсантай тэнцэхүйц, харин нэр дэвшигч, сонгуулийн байгууллагын ажилтанд 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, нам, хуулийн этгээдэд 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах ажээ.
URL: