Урт цагааны байрны түрээслэгч нартай хариуцлага тооцож эхэллээ
Төрийн өмчийн III байр буюу Урт цагааны байрыг иргэн, аж ахуй нэгжид түрээслэж ирэхдээ улсад алдагдалтай явуулж ирсэн тухай мэдээлэл гарч байгаа билээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас олон жилийн турш явж ирсэн хууль бус гэрээнүүдийг цэгцэлж цэгцэнд нь түрүүчээс нь оруулж эхлээд байна.
Одоогийн байдлаар Нийслэлд өртэй түрээслэгч нарын 490 сая төгрөгийн өр авлага гарсныг барагдуулжээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газар, Урт цагааны үйлчилгээний төв хоёрын дунд гэрээгүй буюу улсад түрээс төлж байгаагүй зарим нэг аж ахуйн нэгжийн гэрээг цуцлаад байгаа аж.
Тухайлбал, “Анома” ХХК түрээсийн гэрээгээ зөрчсөн учир шүүхээс шийдвэр гарч албан ёсоор түрээслэгчийн гэрээ нь цуцлагджээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас түрээслэгч нар цааш нь дам дамаа өндөр үнэ хүргэж түрээсэлж байсан дээр хяналт тавьж яг жинхэнэ түрээслэгч нарын түрээсийг өмнөхөөс нь 20-30 хувиар бууруулж чаджээ.
Гэвч зарим нэг аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээ нь цуцлагдсан хэдий ч байраа суллаж өгөхгүй байгаа аж.
Тухайлбал, Урт цагааны үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт 100 гаруй м.кв талбай эзэмшдэг “Нарлаг тал” ХХК-ийн захирал С.Туул иргэн Наранцэцэгт цааш нь түрээслэдэг. Наранцэцэг нь цаашаагаа зургаан хүнд, нөгөө зургаан хүн нь 4-5 хүнд дам дамаа түрээсэлж иржээ. Нийслэлийн өмчийн харилцааны газартай албан ёсны гэрээтэй гэх “Нарлаг тал” ХХК өнгөрсөн хугацаанд өмнөх оныхоо түрээсийг улсад төлөөгүй учир өр төлбөр хуримтлагдсан байна.
Түүнчлэн “Нарлаг тал” ХХК улсад татварын өртэй байгаа бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газраас хийсэн шалгалтаар олон хүнд цааш нь дам дамаа түрээсэлж, олон хүнд жижиг талбай хуваарилагдаж байгаагаас бол тухайн нөхцелд ажиллах ажлын орчин нөхцөлгүй болсон гэдгийг нь тогтоожээ.
Мөн түрээслэгч “Shot shop” ХХК он дамжсан өртэй байсан бөгөөд гэрээнийхээ зохих үүргээ биелүүлээгүй учир түрээсийн гэрээ нь цуцлагджээ.
“Морьт гүрэн” ХХК Урт цагаан дээр түрээсийн гэрээ байгуулсан ч зориулалтын бус байдлаар ашиглаж байсан нь илэрчээ.
Түүнчлэн акталсан барилгын газар дээр Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр шөнийн баар цэнгээний газар ажиллуулж байгаа аж.
Б.Намуунаа /Нийслэл таймс /
URL: