Зуслангуудын хогийг цэвэрлэж эхлээд байна

DSC04453Нийслэлийн захирагчийн албаны харьяа тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярмаагаас зуслангийн орчмын хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар тодруулаа.

-Айлууд зусландаа гарч эхэлж байна. Мэдээж хүн яваа газар хог хаягдал гарна. Тэгэхээр танайхаас зуслангийн хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
-Энэ асуудлыг шийдвэрлэх ажилд манайхан анхаарлаа хандуулж эхлээд байна. Тодруулбал ирэх бямба гаригт хойд чиглэлийн зуслангийн их цэвэрлэгээг зохион байгуулах юм. Гэхдээ Чингэлтэй дүүрэг болон Сүхбаатар дүүргийнхэн өмнөх долоо хоногоос хогны цэвэрлэгээгээ эхэлчихсэн байгаа.

-Шарга морьтод л гэхэд төвлөрсөн хогийн цэг бий болчихсон байгааг олон нийт шүүмжилж байна. Сүхбаатар дүүрэгт харъяалагдаж буй энэ хогийг хэзээ цэвэрлэх юм бол?

-Оршин суугчдаас санал ирсний дагуу Шарга морьтын хогийг цэвэрлээд эхэлчихсэн. Зөвхөн тэр цэгээс л гэхэд 18 ресс хог ачсан байна лээ. Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас бямба гариг хүртэл дүүргийн хэмжээнд нийт 38 ресс хог ачиж тээвэрлэсэн байгаа.

-Зуслангийн орчмыг хоггүй цэвэр байлгах зорилгоор хогийн уут тараах гэж байгаа гэсэн үү. Дараа нь цэвэрлэсэн орчноо яаж хамгаалах вэ?

-Мэдээж нэг цэвэрлэчихээд одоо боллоо гээд зогсч болохгүй. Цаашдаа зуслангийнхаа газрыг үргэлж хоггүй цэвэр цэмцгэр байлгахын тулд зуслангийн ам болгон дээр нэгээс хоёр эко ажилтныг цалинжуулаад ажиллуулъя гэсэн бодолтой байгаа. Тухайн хариуцсан газар нутагтаа хог хаягдал хаяж байгаа иргэнд хариуцлага тооцоод байвал тэр бүр хур хогонд дарагдаад байхгүй болов уу гэсэн байр суурьтай байна. Мөн зуслангийн товчоотойгоо хамтраад ногоон бүсийн картыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа.

Ер нь амьжиргааны түвшин дундаас дээш айл өрхүүд зуслангийн ногоон бүсэд гардаг шүү дээ. Тодорхой хэмжээний ертөг бүхий ногоон карт олгоод түүндээ хогны хураамж нь орчихдог байх жишээтэй. Тэр мөнгөнөөсөө эко ажилчдаа цалинжуулаад явахаар зардал мөнгө нь тусгагдаад явна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашдаа гэр хороолол, орон сууц, зуслангийн айл өрхүүдэд зориулалтын хогны уут тараах гэж төлөвлөж байна. Ингэснээр хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгоно. Мөн хог хаягдлыг хаа сайгүй хаяхгүй байлгах зорилгоор уут гаргаад өгчихвөл түүндээ хогоо хийгээд тогтсон цаг хугацаандаа тогтсон газраасаа ачуулаад байдаг байх үүргийг иргэдэд бий болж байгаа гэж ойлгож болно.

-Зориулалтын уут ямар үнэтэй вэ. Нэг удаагийн уутыг яаж тараах вэ?
-Иргэд, айл өрхүүддээ эхний ээлжинд үнэ төлбөргүй тараана гэж тооцож байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас асуудлыг тендер зарлаад шалгарсан нь хийх юм. Тараалтын хувьд хорооны хэсгийн ажилтнуудаар сардаа нэг удаа тараалгах гэж үзэж байгаа. Энэ ажлуудыг өнөөдөр удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх юм. Өмнөх жилүүдэд нэг дүүрэг дээр аваад үзэхэд хог тээвэрлэлт нь долоо хоногт 12 удаа ачдаг байсан. Гэтэл одоо ногоон картны асуудал шийдэгдээд ирвэл бид хогны тээвэрлэлтээ өдөр бүр хийгээд явах боломж бүрдэнэ гэсэн үг.

Х.Баяр-Угтах


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих