Д.Мөнхжаргал: “4+1” гэсэн хөтөлбөрөөр магистр багш бэлтгэх ажлыг эхэлнэ

master_degree-middleМанай улсад багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай, боловсролын шаардлагыг хангахуйц чадварлаг багш бэлтгэх нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа.

Энэхүү асуудлаас гарах ганц гарц нь дэлхийн орнуудын туршлага, орчин үеийн судалгаа шинжилгээний үр дүнгүүдээс судлах юм.

Тэгвэл уг туршлагаас судлахаар “Багш боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг МУБИС зохион байгууллаа.

Уг эрдэм шинжилгээний бага хурлын онцлог болон үр дүнгийн талаар зохион байгуулагч МУБИС-ын Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Мөнхжаргалаас тодрууллаа.

-Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өмнө нь болж байсан хурлуудаас юугаар онцлогтой вэ?

-Багш боловсролын шинэчлэл, багш нарынхаа чанарыг сайжруулах нэлээд том бодлогын чанартай асуудлыг Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэвшүүлээд байгаа. Түүний хэрэгжилтийн нэг хэлбэр энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал юм.  Тус хуралд АНУ, Англи, Япон, Финланд, ОХУ, БНХАУ-ын багш бэлтгэх сургуулиудын эрдэмтэн багш нар ирж илтгэл тавьж байгаагаар онцлогтой. Манай улс багш нараа тооны хувьд хангалттай бэлтгэдэг. Гэвч сүүлийн үед чанарын асуудлыг сөхөж, эцэг эхчүүдээс гомдол ирэх болсон. Үүнд хариулт өгөх зүйтэй гэж бодож байгаа.

-Ямар хариулт вэ?
-Багш бэлтгэх тогтолцоог эргэж харах шаардлагатай байгаа юм. Боловсролын бүх шатанд шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ялангуяа багш нарын цалин хөлсний асуудал байгаа юм. Энэхүү асуудлыг шийдэхгүй бол боловсролын салбар амжилтад хүрэхэд хэцүү. Дээрээс нь сайн багш бэлтгэх ёстой. Хурал  маань ч энэ сэдвээр голлож байгаа. Багш хүн бол хүнтэй харилцах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх гэх мэт маш олон чадамжуудтай байх ёстой. Гэвч энэ тал дээр багш нар жаахан учир дутагдалтай байна. Иймээс бид сургалтын хөтөлбөр, тогтолцоогоо энэ тал руу чиглүүлж, өөрчлөхөөр ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр дэлхий дахины чиг хандлагыг ажиглаад байхад ерөнхий болосвролын сургуулиудад магистр багш нарын эзлэх хувь нэмэгдэж байна. Зарим орнуудад ерөнхий боловсролын сургуулиудын багш нар бүгд магистр зэрэгтэй байх жишээтэй. Харин манай улсад 12 хувьтай байгаа. Тэгэхээр бид энэхүү хуралд “4” гэсэн бакалаврын багш бэлтгэх хөтөлбөрийг “4+1” гэсэн таван жилтэй магистр багш бэлтгэх ажлыг эхлэх талаар хөндөж байгаа. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр магистр багш нараа богинохон хугацаанд үе шаттайгаар бэлтгэх боломжтой.

-МУБИС элсэгчдэдээ зориулж, олон арга хэмжээ зохион байгуулж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Манай сургууль элсэгч, төгсөгч, багшлах дадлага, эрдэм шинжилгээний  ажил гэсэн дөрвөн чиглэлээр энэ хавар нэлээд ажил хийлээ. Энэ нь яамны шинэ бодлогыг хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл юм. Элсэгчдийн хувьд ерөнхий шалгалтын босго оноотой дүйцүүлээд сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх гэсэн хэлбэр байгаа.

Жишээ нь МУБИС-ийн Багшийн сургууль 550-аас дээш, Байгалийн ухаан, математик физикийн сургуульд 600-гаас дээш оноотой бол  Нийгмийн ухааны сургуульд 700-гаас дээш оноотой бол 100 хувь хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ийм саналыг яаманд тавьчихсан. Ирэх хичээлийн жилээс хэрэгжээд эхэлчих байх. Мөн сургуулийнхаа хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх, Багшийн сургуульд эзлэх эрэгтэй оюутны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа багшлах эрмэлзэлтэй, авьяастай хүүхдийг олж, сургуульдаа элсүүлдэг ийм үндсэн тогтолцоо руу шилжих, элсэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр судлаад явж байна.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих