Тарбозавр Батаар хууль хяналтынхны тарыг таниулав
Үндэсний Баатар болтлоо алдаршсан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн яс ирэх бямба гаригт эх орондоо ирэх нь. Ингэхдээ ганцаараа ч биш 20 орчим “дүү” –тэй болоод ирж яваа сурагтай. Үлэг гүрвэлийн ясыг хүлээн авах ажиллагаа энэ сарын 6-нд Нью-Иорк хотод боллоо. Манай талаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Я.Доржсүрэн, сэтгүүлчид гээд албаны олон хүн явжээ. Америкийн талаас Тарбозавр Батаарын ясаа эргүүлэн авахдаа манайхан Оскарын шагнал гардуулах ёслолд оролцож байгаа юм шиг сүржигнэв. Монголын түүхийн гэрч болсон үлэг гүрвэлийн ясыг сүргээр нь нэг улсаас буцаан авч байгаа нь чухал үйл явдал мөн л дөө. Гэтэл тэр олон үнэт олдворыг алдчихаад юу ч мэдээгүй байсан нь манай хууль хяналтын байгууллагын үнэн нүүр царайг харуулчих шиг болов. Хөдөөний малчин 20 хонио алдчихбал цаг агаарын ааш авирыг ч үл тоон хайж эхэлнэ дээ. Ядахдаа яагаад алдагдчихав. Хаашаа явсан байж болох вэ гэдгийг нь цаг агаарын байдлыг ажаад ч өлхөн мэдчихнэ. Гэтэл манай хууль хяналтынхан үлэг гүрвэлийн ясаа сүргээр нь хил дамнуулчихаад нүдэн балай чихэн дүлий сууж байж. Эрлийн сургийг анх Америкт амьдардаг палеонтологич М.Болорчимэг гэх эмэгтэй гаргасан. Түүнд л баяр хүргэж алга таших хэрэгтэй. Харин манайхан 70 сая жилийн өмнөх олдворыг нь олж өгсөн Америкийн хууль хяналтынханд баяр хүргээд зогсож байна лээ. Тиймээ манайханы тарыг таниулж өгсөн юм чинь тэдэнд ямар уурлалтай нь биш дээ.
URL: