В.Якунин юу гэж шахав?
Бүх асуултын хариулт ард минь бий. Өөрөөр хэлбэл манай улсын эрх баригчдад хоёр хөршийн өндөр дээд албан тушаалтны хэн нь илүү “шахалт” үзүүлж чадсан бэ гэдэг асуултын хариу ирэх өдрүүдийн хаа нэгтээ байгаа нь тодорхой.
Чухам одоохондоо далд боловч удаан тэсэх ямар ч чадваргүй тийм нэгэн “нууц”-ыг манай улсын эрх баригчид, улстөрчид бодлого шийдвэрээрээ мөдхөн дэлгэн тавина. Ажаад байхад өмнөд хөршийн ахан дүүс их тайван юм.
Бас болоогүй “тархи угаах” үйлсэд нэлээд хугацаа зарцуулж, сая нэг санасандаа хүрдэг бололтой. Энэ сарын эхээр л гэхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи Монголын нар яаж манддаг, хэрхэн жаргадаг болохыг хоёрын хоёр удаа хоёр нүдээрээ харчихаад буцсан.
Энэ хугацаандаа юм л бол Монгол Улс бол манай орны найдвартай анд, сайн түнш гэдгийг онцолж байв. Мэдээж түүний гол зорилго энэ биш л дээ. Тийм байх боломжгүй тухай ч дотоодын хэвлэл мэдээлэл, үндэсний сэтгүүлчид өөр өөрийн харах өнцгөөрөө “дэлгэн” тавьсан учир энэ тухай юу ярих билээ.
Гэхдээ л 48 цагийн турш манай оронд байх зайлшгүй шаардлага түүнд байж л дээ. Магадгүй ямар нэгэн зүйлээс эмээж, гомдоочихвол хойд хөрш өрсчихнө гэж болгоомжтой харьцсан ч юм бил үү хэн мэдлээ.
Гэтэл Монголыг нэгэн хэсэг мартах шахаад байсан орос ах маань манай улсад болзлоо “тулгахад” нэг өдрийн дөрөвний нэг хугацаа хангалттай гэж үзэв. Энэ зургаахан цагийн хугацаандаа дэлхийн хамгийн урт төмөр замтай орны төмөр замын салбарын босс В.Якунин манай УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Зам тээврийн сайд гуравтай уулзалт хийгээд амжив.
Бодвол энэ богино хугацаанд шууд “шахалт” үзүүлж, нөхцөлөө танилцуулсан байх юм. Хугацааны хувьд найм дахин бага, арга хэлбэрийн хувьд өдөр шөнө шиг ялгаатай ч гэсэн В.Якунин, Ян Жиечи хоёрын айлчлалд ижил сонирхол олон бий.
Хамгийн наад зах нь манай улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гуравдагч хөрш орны сонирхлыг хоёр хөршөөс дутуу байлгахгүйг хичээдэг. Ийм ч тогтоол журам бий. Гэтэл үүнийг Орос Хятад хоёрын аль нь ч сонссон чих нь “загатнадаг”.
Тэгээд ч геополитик, геостратегийн чиглэлээр хэд хэдэн ном хэвлүүлж, 60 гарсан хойноо дэд эрдэмтний зэрэг хамгаалж дөнгөсөн зайтай эр В.Якунины хойд хөршийн төмөрзамыг толгойлох болсон цаг үе манай улсын ашигт малтмал дэлхийн хэмжээнд үнэд хүрсэн тэр хугацаатай санаандгүйгээр давхацдаг юм.
Магадгүй энэ санаандгүй байдал манай улсад ирээдүйд тавих төмөр замыг “Улаанбаатар” төмөр замын харьяалалд байлгаж, хувь тэнцүү эзэмшил тогтоох гэсэн улайрлыг эрхгүй түүнд төрүүлсэн ч байж мэднэ.
Ямартай ч Монголын уудам тал дээгүүр ирээдүйд зурайх 1000 гаруй км “ган судас”-ыг Оросоос өөр оронтой хамтарч тавьбал “буудна” гэхээс арай өөр заналхийлэлтэй байдаг тухай ч манай улсын эдийн засагчид өгүүлдэг.
Мөн “Улаанбаатар” төмөр замыг ирээдүйдээ тавь тавин хувиар эзэмших ёстой гэсэн шаардлага тавьдаг тухай нь ч нэрт нийтлэлчид дурддаг. Иймдээ ч орос ах нарын Тавантолгойн орд газрыг сонирхох үйл явц нь нэлээд төмөр замжсан байдлаар өрнөдөг учиртай аж.
Гэвч оросуудын яриад байдаг шиг, В.Якунины тулгаад байгаа шиг манай улсын төмөр замд зориулаад гаргачих гурван тэрбум ам.доллар яг үнэндээ Оросын төмөрзамд байхгүй гэдэг. Тийм ч учраас В.Якунин манай улсыг “барьцаалж” хятадуудаас зээл гуйсан ч гэдэг л юм.
Тэгвэл албаны эх сурвалжуудын өгч буйгаар бол хойд хөршийн төмөр замын босс ирээд буцсан зургаан цагийн хугацаандаа манай улсад барих шинэ төмөр замын төсөл дээр хэрхэн хамтрах тухай голлон ярилцжээ.
Манай Засгийн газрын тэргүүн ч стратегийн түншлэлийн харилцаатай мөнхийн хөрш орны хувьд харилцан үр ашигтай хамтран ажиллах нь чухал байгааг дуулгажээ /Ерөнхий сайд л юм чинь мэдээж ингэж л хэлнэ л дээ/.
Гэвч Зам тээврийн сайд А.Гансүхийг тэрбээр юу гэж жижигрүүлэхийг оролдсон бол оо. Түүний хариуд буурал сайд ямар царай харуулсан бол оо. Ямартай ч Ерөнхий сайдын хэлээд байгаа шиг мөнхийн хөрш орны хувьд харилцан үр ашигтай хамтран ажиллах санал тавьж чадсан болов уу. Дахин хэлэхэд энэ л асуултын хариуг удахгүй эрх баригчдын шийдвэр л харуулна.
Д.Булган
Эх сурвалж:
URL: