Яргачин эцэг хоёр настай охиноо дахиад зоджээ

 

Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хэд хэдэн үйлдэл ойрын хугацаанд гарсан. Үүнтэй холбогдуулан Хүүхдийн төлөө үндэсний төвийнхөн өчигдөр мэдээлэл хийв. Энэ нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хороо буюу Хонхорт таван настай хүүхдээ зодож, заазуурдсан онц ноцтой хэрэг гарсан.
Мөн Хөвсгөл аймагт үрчилж авсан 16 настай хүүхдээ гурван жил амбаарт хорьсон хэрэг ч гарсан. Хүүхэдтэй холбоотой ямар нэгэн ноцтой асуудал гарсан үед л тэд ийнхүү мэдээлэл хийдэг. Уламжлалтай, нэг үгээр хэлбэл, ниргэсний дараа хашгирдаг гэсэн үг.
Үүнийг нь хэлэхэд, “Манайх айл бүрийн хувийн амьдрал руу өнгийгөөд явах боломжгүй. Энэ асуудлыг олж илрүүлэх, шийдвэрлэхэд олон нийтийн оролцоо маш чухал. Бид бодлого боловсруулдаг гэх утгатай зүйл яриад сууж байв.
Үнэндээ тэд асрамжийн газарт шалгалт хийх, хүүхдийн баяр зохион байгуулах, хараа хяналтгүй өнчин, ядуу хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх олон ажлыг бараг л 24 цагаар хийж байгаа аж.
Харин одооноос энэ их ажил дээрээ нэмээд яаж ийм хүүхдийг олшруулахгүй байх, гэр бүлийн буюу хүүхдийн хүчирхийлэл гарахгүй байх үндэс суурийг бүрдүүлээд өгчихвөл тэдний ажил ч хөнгөрөх биз ээ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү “Хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюулгүй байдал ноцтойгоор зөрчигдөх болсон. Баянзүрх дүүрэгт болсон хэргийн хохирогч таван настай хүү ээжтэйгээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Хүүгийн эцэг Цагдан хорих төвд саатуулагдаж байгаад өнөөдөр (өчигдөр) суллагдаж, гэртээ хариад хоёр настай охиноо зодсон байна. Тиймээс хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Хохирогч хүүгийн ах дүү хоёрыг нь бид хамгаалтандаа авсан” гэв. Хэрвээ яргачин эцгийг танхай гэдэг үндэслэлээр буруутгавал 5-10 жилийн ял оноох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл гэж үзвэл түүнээс хөнгөн ял оноох аж.
Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, зодож гэмтээсэн танхай балмад этгээдэд оноох ял нь хэтэрхий хөнгөн биш гэж үү. Энэ этгээд таван жилийн дараа шоронгоос суллагдахад хүү дөнгөж 10 настай, охин долоон настай байж таарна.
Тэр үед дахиад хүчирхийлэл дарамтад орохгүй гэх баталгаа байхгүй. Иймэрхүү балмад этгээд манай нийгэмд олон байгааг удаа дараа гарч буй хүүхдийн хүчирхийлэлийн хэрэг бэлхэнээ өгүүлдэг.
Балмад гэхийн учир архи уух болгондоо эхнэр хүүхдээ зодож, хазаж, хутга мэсээр айлгадаг байсныг эх сурвалжууд өгүүлсэн. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллийн хэлтсийн дарга С.Байгалмаа “Манай гэр бүлүүдэд аав нарын үүрэг, оролцоо багассан.
Гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай үүрэг хүлээх ёстой аав нар архидаж, гэр бүлдээ айдас, дарамт нэмэх болсон байна. Бид саяхан 12-18 өсвөр насны 650 хүүхдийн дунд судалгаа явуулахад, ихэнх нь аавыг ажилтай болгомоор байна, архинаас гаргамаар байна, ээжтэйгээ муудалцуулмаагүй байна гэж хариулсан.
Бид хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гээд айл бүрийн хаалгыг нүдэх боломжгүй. Тиймээс гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг маш сайн ойлгуулах шаардалагатай. Тэр тусмаа монголчуудын гэр бүл дэх асуудал бусдад үргэлж хаалттай байдаг.
Энэ асуудлыг нээлттэй болгохын тулд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг, ярилцлага идэвхитэй өрнүүлдэг. Гэвч олон нийтийн оролцоо, мэдээлэл дутмаг байдгаас хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийг цаг тухайд нь хамгаалж чадахгүй байгаа” гэсэн юм.
Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж муу, эцэг эх нь үр хүүхдээ өөрийн өмч мэт ханддаг, хүүхдийн байгууллага оновчтой шийдлээр ажиллаж чадахгүй байгаа зэрэг шалтгаанаас үүдээд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байна.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих