Г.Батхүү, Д.Зоригт нарыг эргүүлэн татахын төлөө тэмцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Д.Сумъяабазар, Д.Зоригт нар тангараг өргөснөөр УИХ “элэг бүтэн” болсон. Гэвч МАН-ынхан Өвөрхангай аймагт илт ялагдал хүлээсэн Д.Зоригт тангараг өргөснийг хүчтэй эсэргүүцэж байгаа. Түүнчлэн Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашиг ч ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгор Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Түр хорооны гишүүд хэлэхдээ “Өнөөдөр албан тушаал, нэр төрийн төлөө луйвар хийж байна. Бидний хувьд шүүх байгууллага, төр засаг шударга шийдвэр гаргах байх гэж 13 удаа хэвлэлийн хурал хийсэн. Мөн орон нутагт жагсаал цуглаан зохион байгуулсан. Гэтэл олуулаа шинэчлэл хийнэ гэсэн Ардчилсан намынхан ичгүүргүй үйлдэл хийж байна. Тиймээс өвөрхангайчуудын саналыг шүүхийн аргаар булааж авсанд бид эрс эрсэргүүцэж байна” гэв. Энэ хүрээнд маргааш буюу тавдугаар сарын 15-нд Өвөрхангай аймагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаалын үеэр Өвөрхангай аймагт нэр дэвшиж, гишүүний тангараг өргөөд байгаа Д.Зоригт, Г.Батхүү нарыг эргүүлэн татах иргэдийн гарын үсгийг цуглуулах аж. Түүнчлэн сонгогчдын шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ. Улмаар УИХ болон Ерөнхийлөгчөөс хариу иртэл улс төрийн тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Мөн хууль бусаар гишүүн болсон Д.Зоригт, Г.Батхүү нар Өвөрхангай аймагт очих нүүргүй, улс төр дууссан гэдгийг хэлж байсан юм.
Л.Энхдэлгэр
URL: