Ой хээрийн түймрийн улмаас гурван хүн түлэгдэж, хоёр хүн нас баржээ

Энэ сарын 13-ны байдлаар 16 аймгийн 64 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарч 2110 га ой, 951591 га хээр, нийт 954061 га ой, хээрийн бүс шатжээ.  Түймрийн улмаас гурван  хүн түлэгдэж, хоёр хүн нас барж, ваьан гэр, 13 айлын өвөлжөө, хашаа шатаж, гурван автомашин, 20 адуу түлэгдэж, байгаль, экологид 19.5 сая төгрөгийн хохирол, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал, нийт 23.8 сая төгрөгийн хохирол учирсан байна.  Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас  880 албан хаагч, 119 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 117, Цагдаагийн байгууллагаас 27 албан хаагч, аймаг, орон нутгаас 3857 иргэн, 436 автомашин 101мотоцикль  дайчлагдан ажилласан байна. Сүхбаатар аймгийн Дарьганга, Эрдэнцагаан сумын зааг Гүн бүдүүн  гэдэг газарт гарсан хээрийн түймэрт 2 сумын 234250 га хээрийн бүс шатсан. Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзад гэдэг газарт гарсан хээрийн түймэрт тус аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Гурван загал, Чойбалсан зэрэг 4 сумын нутаг дэвсгэр хамарсан хээрийн түймэрт нийт   410900  га хээрийн бүс шатсан бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд гарсан  хээрийн улмаас тус газарт хаваржиж байсан иргэн Р-ийн гэр, хашаа, саравч өртөж, хоёр хүн түлэгдэж, хоёр иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Иймээс ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, ихсэж иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулж байгаатай холбогдуулан, иргэд, малчид цогтой үнс нурмаа ил задгай асгалгүй, тагтай битүү сав, ухсан нүхэнд хийх, малын бэлчээрт татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтраах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ил галаар тоглуулахгүй байх, орон нутагт зорчиж байгаа иргэд техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэлтэй явахыг  ОБЕГ-аас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих