Б.Эрхэмбаяр:Банкинд хадгалуулсан 16.5 тэрбум төгрөг, 27 ширхэг компанийн хувьцаа, орон сууц, автомашин гээд бүгдийг нь битүүмжилсэн
-Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Мандахбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ-
“Дайны эрсдэлийн даатгалын сан” нэрээр их хэмжээний мөнгийг гадаадын улс руу шилжүүлж мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн зарим удирдлагуудыг шалгаж дуусаад улмаар Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн байсан. Тэгвэл хэргийг хянаж дуусаад өнөөдөр харьяалал тогтоолгохоор шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас тодрууллаа.
-МИАТ-ын удирдлагуудад холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн гэлээ. Аль шүүхэд шилжүүлсэн бэ?
-МИАТ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэбилэг, Бат-Эрдэнэ, тус компанийн дэд захирал Ч.Хоролсүрэн,түүний дүү Ч.Суурьтогтох энэ хоёрын компанийн ажилтан Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Саранчимэг нарын долоон хүнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж өнөөдөр Нийслэлийн шүүхээр харьяалал тогтоолгохоор шилжүүллээ. Нийслэлийн шүүхийн харьяалал тогтоосон шүүх хэргийг нь хэлэлцэнэ.
-Дээрх нэр дурьдсан хүмүүсийн холбогдсон хэргийн тухайд тодорхой мэдээлэл өгвөл?
-Дээрх хүмүүс 2007-2010 оны хооронд Дайны эрсдэлийн даатгал нэрээр гадаадад даатгалын компаний байгуулж, дайны эрсдэлийн даатгалын төлбөр нэрээр 7,2 сая доллар буюу монгол мөнгөөр бол 9,3 тэрбум төгрөгийг Хонгконг болон Япон улс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс буцаж өөрсдийнх нь данс болон хувийн компаниудынх нь дансаар 4.3 тэрбум төгрөг шилжиж орж ирсэн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн зүйл заалтын хувьд ЭХ-ийн тусгай 150, 105.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, мөн ЭХ-ийн 166,3 –т зааснаар мөнгө угаах гэсэн хоёр зүйл ангиар яллаж байна. Дээр нь нэмээд Саранчимэгийн хувьд банкны хууль тогтоомж зөрчсөн. Бусад хүмүүсийн хувьд хоёр зүйл ангиар яллагдана. Хэрвээ тэдний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдвол 5-20 жилийн хорих ялтай. Мөнгө угаах хэргийн хувьд мөн эд хөрөнгийг нь хурааж 10-15 жилийн хорих ял оноох хуулийн заалттай. Банкны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд 5-8 жил хорих ялтай хүнд хэрэг.
-Эд хөрөнгийг нь битүүмжилсэн үү?
-Мөрдөн байцаалтын явцад банкинд хадгалуулсан 16.5 тэрбум төгрөг, мөн 27 ширхэг компанийн хувьцаа, орон сууц, автомашин гээд бүгдийг нь битүүмжилсэн.
-Гурван хүнийг батлан даалтад гаргасан ч хоёрт нь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд яриад байгаа?
-Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаад прокурорын шатанд хангалттай нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь нтологдоогүй. Тиймээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Нийгмийн толь
URL: