Н.Алтанхуягт анхааруулах нь
Монголд буугаад мордсон В.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг маань зажлахгүй залгичихсан юм биш байгаа. Оросын хэвлэлд “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунинтэй улс төрийн туршлага багатай хүн бэлтгэлгүйгээр уулзвал зажлахгүй залгих чадвартай нэгэн гэж тодорхойлсон байдаг юм билээ.
Уулзалт эртнээс товлогдож, бэлтгэл хангагдсан байсан ч сул үгтэй, туршлага багатай Н.Алтанхуягийн хувьд араатанд амархан залгигдах нэгэн. Иймээс л улс орны эрх ашиг хөндөгдсөн энэ чухал уулзалтын үеэр алдаа гаргачихаагүй байгаа гэж, эдийн засагчид сэтгэл эмзэглэж сууна.
Өргөн, нарийн цагираг ярьж, хойд, урд хөршийн алинд нь найр тавихаа мэдэхгүй мунгинаж суугаа монголчуудыг хараад гадныхан тоглолтыг гартаа оруулахаар шийдлээ.
Өмнөд хөршийн Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчиг ирж, төмөр замын асуудлаар байр сууриа илэрхийлж, зарим нэг тохиролцоог хаалттай хаалганы цаана сэмхэн хийсэн бол өнгөрөгч ням гаригт В.Якунин яаран сандран саатаж, зарим нэг хэлэлцээрийг хийгээд явав.
Ян Жэчигийн айлчлалтай зэрэгцэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2010 онд батлагдсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг өөрчлөх саналыг энэ сардаа багтаан УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгөх шийдвэр гарах нь тэр. Мэдээж, энэ бол санамсаргүй үйл явдал байсангүй.
Харин Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт гаргасан “том толгойт” В.Якунин хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан ч шинэ төсөл дэх оролцоо, үр ашигтай холбоотой зарим асуудлыг харилцан шийдвэрлэх хэрэгтэй байгааг уулзалтынхаа эхэнд шулуухан тодотгожээ.
Түүнийг Монгол Улсын төмөр замын сүлжээ барих “Шинэ төмөр зам” ХК-ийн эзэмшилд ОХУ давуу эрхээ баталгаажуулах хүсэлтэй ирсэн гэдгийг хэн хүнгүй таамагласан байв. Зургаан цаг саатсан шалтгаан нь шинээр барих төмөр замын 49 хувийг Оросууд гартаа оруулах.
Зорилго нь маш тодорхой. Өмнө нь 50:50 гэсэн харьцаагаар оролцох саналыг дэвшүүлж байсан Орос ах нарт Монголын тал толгой сэгсэрч чадсан юм. Гол нь 51 хувь нь Монголын төрийн мэдэлд байх учиртай гэдгийг энэ салбарынхан хатуу анхааруулдаг.
Иймээс энэ хатуу шийдвэрийг сөрж зогсох хүн В.Якунинаас өөр байхгүй хэмээн ах нар тооцоолчихож. Тэрбээр өөрийгөө кентавртай харьцуулсан байдаг. Энэ нь хүнлэг, ухамсартай, эвээр шийдэх, нөгөө талаас түрэмгий, хүчлэх дуртай, хий гэснийг олон юм бодолгүй шууд хийдэг зан чанараа илтгэсэн хэрэг хэмээн зарим хүн тайлбарлах нь бий.
Басхүү түүнийг дээрээс өгсөн тушаалыг сайн биелүүлдэг, бэлтгэгдсэн, туршлагатай гүйцэтгэгч. Хий л гэсэн бол олон юм эргэцүүлж цаг алдалгүйгээр шууд хийж чаддаг хүн гэж улс төрийн хүрээнийхэн нь тодотгодог юм билээ.
Ямартаа л санаагаа илэрхийлсэн ил захидлыг Ерөнхий сайдад хаяглаж, бас уулзах хүсэлт гаргасан гэж байгаа. Түүнийхээ дараахан В.Якунин “Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан долоон тэрбум ам.долларын санхүүжилт гаргах боломжтой” гэж тодотгох боллоо.
Өөрөөр хэлбэл, Монгол орны зүүнээс баруунтаа, өмнөөс хойд чигт татах төмөр замыг тэр чигт нь санхүүжүүлэхэд бэлэн гэнэ. Хариуд нь “Шинэ төмөр зам”-ын 49 хувийг дангаараа эзэмших сонирхолтой.
Иймээс сайхан үг сонссон Н.Алтанхуягийг ангайж сууж байгаад аманд нь багтчихаагүй байгаа хэмээх болгоомжлол цухалзах боллоо. Нэгэн цагт Монголд ирээд буцахдаа В.Якунин “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэж сургамжилж байв.
Харин энэ удаад өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн тул ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг дахин сануулсан байна. Хариуд нь Монгол Улс өөрийн гэсэн бодлого, шийдвэртэй юм шүү гээд хэлчихэж чадсангүй, манай Ерөнхий сайд.
В.Якунинийг ирэхээс хоёр хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцэж, маргаантай зүйлээ ойрын хугацаанд тодорхой болгож оруулж ирэх даалгаварыг салбарын сайдад нь үүрэгдсэн.
Гишүүдийн өгсөн даалгаварыг салбарын сайд биелүүлбэл энэ сардаа багтаж, төмөр замын талаарх маргаантай асуудлууд нэг тийш шийдвэрлэгдэх магадлалтай. Үүнээс урьтаж, долоон тэрбум ам.доллар өгье. Хариуд нь манай талд ашигтай шийдвэрийг гаргаж өг гэсэн орос ах нарын тулган шаардалтыг алгаа тосоод авчихгүй байлгүй, Н.Алтанхуяг сайд.
Монголын зүгээс ОХУ-д илүү боломж олгохыг хүсэх хандлага бага багаар мэдрэгдэх болсон нь нууц биш. Гэхдээ энэ нь манай улсад эрсдэл авчирч мэднэ. Учир нь долоон тэрбум ам.долларыг алгаа тосоод авчихвал арга буюу төмөр зам хойд хөршийнхний мэдэлд “шилжинэ”.
Шулуухан хэлэхэд, тэднийд ашигтай хувилбар. Хариуд нь манайх төмөр зам тавьсан нэрнээс цаашгүй хоцорно. Нэг үгээр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газар 63 жил хүлээсэн төмөр замын ажлыг урагшлуулж чадсан хоосон нэрнээс өөр зүйлгүй үлдэх юм. Иймээс л амаа захирч чаддаггүй Н.Алтанхуягт анхааруулсанаас цаашгүй.
Д.Дорж
Эх сурвалж:
URL: