Эмч, бөх, сэтгүүлч гурав Ерөнхийлөгчийн сонгуульд “хүч үзнэ”
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эцэслэн тодорлоо. Өнгөрсөн амралтын өдрүүд болон баасан гарагт парламентад суудалтай үлдсэн гурван нам болох ИЗНН, МҮАН, МАХН албан ёсоор хурлаа хийж, энэ сонгуульд ямар байдлаар орох вэ гэдгээ шийдвэрлэв. Таамаглаж байсанчлан МҮАН дангаараа, эвсэл болж орсон намтайгаа ч тохиролцоо хийсэнгүй. МҮАН-ынхан энэ сонгуульд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. ИЗНН-ынхан ч Үндэсний хорооны хурлаараа АН-ын нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцох нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ. Баабарын бичсэнчлэн олон нэр дэвшигч байх нь үргүй хөрөнгө зарлагдаж, дахин сонгууль болох эрсдэлийг дагуулдаг гэдгийг ажиглаж чадсан улс төрийн хүчнүүд ийм шийдвэр гаргасанд талархах нь зүйн хэрэг. Парламентад суудалтай гэдгээрээ эрдэж, нэр дэвшигч зарлаж мөнгө үрэх хүсэлгүй, хүчтэй нэр дэвшигчийг дэмжих улс төрийн соёл гаргасныг үнэлэх хэрэгтэй болов уу.
Хамгийн их хүлээлт үүсгэж байж хуралдан, санаанд оромгүй содон сонголт хийсэн нам бол МАХН байлаа. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүн бол Ч.Улаан гэж улс төр судлаачид болон хэвлэл мэдээллийнхэн дүгнэж байсан.
Гэтэл бямба гарагт бүтэн өдрийн турш хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Бага чуулган 22.00 цаг хүртэл үргэлжилж, эцсийн шийдвэр нь эмэгтэй нэр дэвшигч байсан нь ёстой “гэнэтийн бэлэг” болж чадлаа. МАХН энэ удаа аль нэг намтай эвсэхгүй, дангаараа сонгуульд оролцоно гэдэгт санал нэгдэж эхний хэсэгт Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар нэрээ татсан бол сүүлийн санал хураалтад Л.Цог, Н.Удвал нар тунасан байна. Цорын ганц эмэгтэй нэр дэвшигч Н.Удвалыг намын бодлогоор дэмжсэн тул хурлын гишүүд гараа өргөн дэмжжээ. Хурлын жирийн гишүүд дунд “МАН-тай хамтарч, Б.Бат-Эрдэнийг дэмжье” гэсэн саналтай хүн цөөнгүй байжээ. Гэсэн ч намын бодлогыг дагах нь зүйтэй гэж үзээд Н.Удвалыг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, Н.Удвал Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон хатагтайн “таашаал”-д бүрэн нийцсэн учраас Ерөнхийлөгчид нэр дэвшиж, асар их хүндэтгэлийг олж авлаа. Нийгэмд Н.Удвал Н.Энхбаярын төлөө үнэнчээр зүтгэсэн шагналаа авлаа гэх хардалт, шүүмжлэл байгаа ч нөгөө талаар чадалтай мундаг эмэгтэй МАН, АН-ыг саналыг хуваах нь мэдээж гэх магтаал ч дуулдаж байна.
Н.Энхбаярын эцсийн өрөг Н.Удвал гэж хэний ч санаанд буугаагүй нь тодорхой. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намын эв нэгдлийн төлөө, цаашлаад намын даргатай тийм ч ойрхон ажиллаагүй учраас нэр дэвших эрх авахгүй гэдэг нь тодорхой болсон. Харин МАХН-ын гишүүд Л.Цог даргад саналаа өгнө хэмээн өвөр зуураа ярилцаж байсан гэх. Гэсэн ч эцсийн шийдвэр, эцсийн нүүдлийг Н.Энхбаяр хийжээ. Аль нэг намын нэр дэвшигчийг дэмжиж “жижиг” харагдах хүсэл МАХН-д байхгүй байжээ. Тиймээс эрсдэлтэй ч гэсэн эмэгтэй нэр дэвшигч гаргаж нийгэмд нэр хүндээ дахин өсгөж чадлаа. Манай улсын хувьд парламентад эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн ч эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоход хараахан бэлтгэлтэй биш. Тэгэхээр Н.Удвал нэр дэвших болсон цаад шалтгаан нь МАН-ын саналыг хуваах гэдэгтэй маргах арга алга. Ялалт байгуулж чадахгүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй нэр дэвшигч гэх маш том хүндлэл, нэр хүндийг тэрбээр Н.Энхбаяр даргаас авч чадлаа. Намтрын хуудас нь тийм ч зузаан биш ч нэр цэвэр, хоёрдугаарт нэг хүндээ үнэнчээр ажиллаж, Н.Энхбаяр гэх улстөрчөөс итгэл хүлээж чадсан энэ эмэгтэй Ерөнхийлөгчийн сонгуулийг их л сонирхолтой болгох биз ээ. Түүний мэргэжил нь хүүхдийн их эмч.
Анхны эмэгтэй нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МАН-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй өрсөлдөх гол өрсөлдөгч бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр, АН-ын ҮЗХ-ны хурлаас 100 хувийн санал авч гарч ирсэн, олон ч байгууллагын явуулсан судалгаанд өндөр рейтингтэй байжээ. Улс төрийн туршлага, олон улсад Монголын нэр хүндийг өндөрт өргөсөн туршлага нь дахин нэр дэвшихэд түлхэц болсон гэдэг. Ардчилсан Монгол Улс гэх нэрийг дөрвөн жилийн хугацаанд дэлхийд танилцуулсан Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хоёр өрсөлдөгчөөсөө ялгарах онцлог их байгаа. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд зөвхөн ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байхыг хүсээгүй бөгөөд шүүхийн шинэчлэл, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндөж, энэ талаар хууль боловсруулсан, шууд ардчилал, иргэний оролцоог хангалттай төвшинд хүргэсэн, Архигүй Монгол хөтөлбөрийг санаачилж, архинаас олон залуусын татгалзуулсан гээд Ерөнхийлөгч байх хугацаандаа олон ажлыг эхлүүлж, үр дүн гаргаж чаджээ. Ерөнхийлөгч сэтгүүлч мэргэжилтэй билээ.
Аварга аль хэр амжилт гаргах вэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Удвалын хүчтэй өрсөлдөгч бол яах аргагүй Б.Бат-Эрдэнэ гишүүн. Намтрынх нь хуудсанд дэд сайдын алба хашсан гэх үсэг бичигдээгүй ч парламентад гурван удаа суусан, дархан аварга, монголчуудын хайртай бөх гэдгээрээ үнэ хүндтэй харагдаж байгаа нэр дэвшигч. МАН-аас намын дарга Ө.Энхтүвшинг гаргана гэх хүлээлт байсан ч намын Бага хурлаар намын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэтэй гурван удаа тэнцэж, дөрөв дэх санал хураалтад Б.Бат-Эрдэнэ аварга ялалт байгуулсан юм. Уул уурхайн компаниудтай хатуухан тэмцэл өрнүүлсэн, уул уурхайн асуудлаар дуугарах ч төдийлөн үр дүнгээ үзэж байгаагүй улстөрч. Эв нэгдлийн төлөө байна хэмээн амлалт өгч буй эрхэм аварга энэ удаагийн сонгуульд хүчтэй өрсөлдөгчтэй боллоо. МАН-ынхан МАХН гэх нэрээ сольсноос хойш оролцсон бүх сонгуульдаа ялагдал хүлээж байгаа. Үүнийг нь намын нэр сольсноос болж гишүүд нь хоёр хуваагдсан гэж улс төр судлаачид дүгнэдэг бөгөөд энэ удаад ч санал хуваах нам нь нэр дэвшигчээ тодрууллаа.
Нэг намын гишүүд нь хоёр хуваагдаж, МАХН, МАН дунд төөрөлдсөн энэ үед өрсөлдөгчөөр нь эмэгтэй нэр дэвшигч гарч ирсэн нь мэдээж эмээх сэтгэгдэл төрүүлж байгаа. Зарим нэг улс төр судлаачид Н.Удвал зөвхөн Б.Бат-Эрдэний саналыг хуваахаар нэр дэвшиж байгаа хэмээн дүгнэж байгаа билээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн цэргийн эрхзүйч мэргэжилтэй.
Б.Өнөртогтох
URL: