“Зуун айл”-ын зуун зовлонг яах вэ, Э.Бат-үүл даргаа


Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу бидний хэлж заншисанаар “Зуун айл” хэмээх алдартай газрыг анхаарах ч хэцүү анхаарахгүй байх ч хэцүү болжээ. Тэнд барилгын материалын бүх төрлийн зах үйл ажиллагаа явуулдаг. Түүнийг дагаад хүнс, барааны жижиглэнгийн худалдаа ч буй. Уг нь энэ орчимд байрладаг төвлөрсөн барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэх асуудал яригдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Хотын зөрчлийг ярих дуртай нийслэлийн Засаг дарга юу боддог болоод “Зуун айл” орчмыг тойроод яриад байгаа нь хачирхалтай юм. Уг нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 1 гэхэд “Зуун айл”-ын барилгын дэлгүүрүүдийг нүүлгэнэ гэсэн өмнөх хотын даргын шийдвэр байсан. Гэвч хотын дарга шийдвэртэйгээ хамт солигддог бололтой. Өнөөдөр “Зуун айл” орчмыг Монгол дахь “China town” хэмээн нэрлэдэг болоод удаж байна. Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны оршин суугчдын ихэнх нь хятадууд амьдардаг болохоор ингэж нэрлэжээ. Замын түгжрэл, утаа, тоосжилт, үерийн аюултай бүс гээд яриад байвал “Зуун айл”-д асуудал олон. Мөн гэр хорооллын гудамжнууд нь хогийн цэг, муу усны нүх, жорлон болж хувирчээ. Дээрээс нь барилгын материалын элдэв хог, цемент хийснэ. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй согтуу хүмүүс хаа сайгүй хашаа, барилгын дэлгүүрийн гаднах хана налан унтаж буй дүр зургийг өдөртөө хэдэн ч удаа харж болно. Тухайн нутаг дэвсгэрт УБЕГ, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, бидний хэлж заншсанаар хүүхдийн II эмнэлэг энд байрладаг. Ойролцоогоор 6000 хүн оршин суудаг гэсэн бодит бус хүн амын тооллогтой “Зуун айл”-д одоогийн байдлаар 800 орчим хятад иргэн оршин сууж байгаа ба 10 айлын тав нь хятад иргэдтэй гэр бүл болсон байдаг сурагтай. Түүгээр ч зогсохгүй нэг хятад иргэн 2-3 айлын хашаатай дүйцэхүйц газар авч гадна өнгөндөө даржин мэт дүр эсгэвч дотор талдаа тансаг харш сүндэрлүүлсэн байх нь элбэг. Тэд хашаагаа өргөстэй тороор бэхлэн их л чанд хамгаалсан байдаг юм билээ. Энэ бүхнээс харахад яах аргагүй л Монголд буй “Сhina town” гэж нэрлэхээс аргаггүй юм. Барилгын материал гэдэг үргэлжийн тоосонцор үүсгэж байдаг, тэгээд орчин цэвэр байх аргагүй. Тэр ч утгаараа зах замбараагүй энэ худалдаа наймааг төвөөс нүүлгэх юм бол хотын орчин цэвэршиж машины бөглөрөл багасах талтай гэж иргэд ярьдаг. Зарим барилгын материал худалдагсад “Бидэнд худалдаа явуулах нэгдсэн байр бариад өгвөл эндээс нүүж болно шүү дээ” гэж ярьж байсан. Явганаар зорчих зам нь хүртэл бөглөрч, худалдаачид барилгын материалаа зам дээр хураачих шахаж байна. Зуунаар хоцорч буй “Зуун айл”- ын эрээн бараан энэ амьдралыг хотын удирдлагууд хойш тавилгүй эргэж нэг хараасай билээ.

“ЗУУН АЙЛ”-ЫН ЗУСЛАН
Өнгөрсөн жил Зуун айл дахь Сэлбийн хос гүүрийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, урд талын чиглэлийг засварласан билээ. Тэгвэл энэ жил хороолол чиглэлийн замыг өргөтгөхөөр болжээ. Засварын бэлтгэл ажлыг энэ сарын дундуур эхэлсэн бөгөөд ирэх сарын эхээр гүүрийг хаахаар төлөвлөсөн байна. 32 метр өргөн, нэг талдаа гурван эгнээ бүхий хос гүүр нь хоёр тэрбум орчим төгрөгийн төсөвтэй байгаа бөгөөд энэ ажлыг “Моторс сервис” гүйцэтгэж, зөвлөхөөр Солонгосын “Soosung” компани ажиллаж байна. Ийнхүү “Зуун айл” орчмын Сэлбэ гол боломжын гүүртэй болох бололтой. Гэхдээ бидний хөндөж буй сэдэв гүүрийн тухай бус “Зуун айл”- ын тухай. Зуун айлын орчмоор амьтай голтой урсах Сэлбэ гол тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэд болон гэр оронгүйчүүдийн зуслангийн газар. Учир нь хаа нэгтээгээс тал барааны саван олсон гэр оронгүй хүн уг голд хувцасаа угааж, эрэг дээр нь архи ууж өдрийг өнгөрөөж буйг олонтаа харсан юм байна. Мөн бага ангийн хүүхдүүд голын зүлгэн дээр тоглож, бие бие уруугаа ус цацан нааддаг. Гэвч харамсалтай нь Сэлбэ голын эрүүл ахуй тал дээр анхаарал тавьдаг мэргэжилтэн байхгүй. Тиймээс бороо орсны дараа усны түвшин нь жаахан нэмэгдэж нартай үед татарч, ширгэнэ. Үүний зэрэгцээ уг усанд хүүхэд орж наадах аргаггүй хог, цаас, барилгын материалын хаягдал, шилний хагархай хөглөрч байдаг. Тиймээс Сэлбэ гол гэсэн хаягтай гүүр барьж байхаар усны аюулгүй байдлыг нь эхэлж хангасан бол зүгээр санагдана. Гэхдээ гүүр барьж буй асуудал яах аргаггүй зөв. Харамсалтай нь гол нь ширгэж үгүй болж байхад хатуу хайрганд зориулж гүүр барьж байгаа нь хачирхалтай. Уг нь нийслэлийн төвөөр урсдаг цорын ганц гол Сэлбэ. Гэвч түүнийг хайхрах эзэнгүй болохоор “зуун айлчууд”- ын зуслан хүүхэд тоглоход тийм ч тохиромжтой биш санагдана.

БЭЭЖИН СОДНОМДАРЖААГИЙН ПҮҮСЭЭС БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХ
-Зуун айлын түүх- Сүхбаатар дүүргийн X хороо, Их тойруугаас 32 –ын тойрог хүртэлх нутаг дэвсгэрт 1960 –аад оноос анх “Зуун айл”-ын хоёр давхар найман цагаан барилга барьснаар “Зуун айл” нэрийг авчээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээгийн хэлснээр энд XX зууны эхэнд Бүдүүн Луусан, Бээжин Содномдаржаагийн пүүс байсан гэх юм билээ. Ихэнхдээ хятадууд амьдардаг байж. Үе үе олон тэмээ хөлөлсөн жингийн ачаа бууж байдаг байсан гэж хууччуул ярьдаг байсан гэдэг. Бээжин Содномдаржаа гэдэг нь халхдаа эд хөрөнгөөр, Цэнхэрмандалын Цэнд зайсан нь малаар баян хүн байж. Тэд түүхий эд бараа таваараа энэ хавьцаа солилцдог байж дээ гэж бодогдохоор. Ихэнх газар нь жижиг жижиг ногооны талбай байжээ. 1970-аад оныг дуустал “Рашаан” гэсэн нэртэй шургааган хашаатай гудамжууд үргэлжилдэг байв. Эртнээс намаг, балчигтай газар тул зуны улиралд хүндрэлтэй энд тэндгүй машин суучихсан байдаг байсан гэх. Одоогийн Үйлдвэр урлалын сургуулиас зүүхэн хойно бидний “ТҮЦ” гэж нэрлэдгээс арай том шавар байшинд саяхан болтол хятадууд нарийн боов худалддаг байсныг мэдэх НЭГ СЭДВЭЭР юм. Хажуугаар нь өнгөрөхөд сайхан үнэртдэг учир хүмүүс орохоос аргагүй байсан гэж ярьдаг. Хэзээнээсээ их нууцлагдмал олон хөлийн газар байж. 1970-аад онд нэг хэсэг хятадуудыг нутаг буцаахад ихэнх нь зуун айлынх байсан гэх яриа байдаг. Харин өнөөдөр “Зуун айл”-аар нэрлэгдсэн цагаан байрууд зуунаар хоцрогдсоныг харж болохоор байна. Энэ орчны бохир завааныг зорьж очсон хүн харахаас биш “Хангарьд”-ын халуун суудлынхан мэдэх аргагүй. Зууны турш бохиртсон энэ гудамжуудаар салхитай өдөр явах аргагүй. “Зуун айл”-ын салхин доогуур явж болохгүйг нийслэлийнхэнд эртхэн сануулахад буруудахгүй байх. Манай нийслэлийн удирдлагууд хажуухандаа байгаа энэ бохир амьдралыг зориудаар очиж үзээсэй билээ гэж санагдсан. Эндхийн гудамж, хашаанууд хаяггүй. Харин нэг гудамжны булан дээр “Зүүн сэлбэ”-ийн гэсэн ганцхан хаяг байна билээ. Эндхийн хүмүүс цаашдаа амьдрахгүй юм чинь гэсэн хандлагатай. Энд хэн ч орогнож юу хийж байхыг мэдэх аргагүй. Хаашаа л харна морь харж зогсох хүмүүс. Өнөөдөр энд бусармаг үйлдэл хийгдэж байхыг үгүйсгэх аргагүй. Халтартсан цонхтой, бас болоогүй хаягаа гадны хэлээр биччихсэн зочид буудал олон. Энд хэн л хоноглов гэж дээ гэхэд нэг нөхөр “Та юу ярьж байна. Энэ чинь хамгийн их мөнгө олдог газар байхгүй юу” гэсэн. Оройхон болохоор ажлаа хумьж нэг хэсэг нь архидах, зарим нь хөзөрдөөд хүн юм асуухад хариулах сөгөөгүй. Халтар уутанд хэд хэдэн халуун сав чихчихсэн хоол аваарай гэх хүүхнүүд явна. “Зуун айл”-д эмх цэгцтэй үйлчилгээ үзүүлж буй цэвэр орчин үзэгдсэнгүй. Зууны өмнөөс “Азийн цагаан дангина”-араа дуудуулсан Улаанбаатарынхаа нэгэн гудамжийг зуунаар хоцорсныг өнөөдөр харж байгаа юм биш.

В.НЭРГҮЙ

URL:

Сэтгэгдэл бичих