Лидергүй намын сүүдэр
“Парламент элэг бүтэн боллоо” гэж УИХ-ын дарга З.Энхболд зарлалаа.
Өнгөрсөн баасан гаригийн орой 19 цагийн орчимд Сонгинохайрханд “аваргалсан” Д.Сумъяабазарыг дагуулан аль эрт тахимаа өгөөд явчихсан байсан “Монгол шуудан”-ийн Д.Зоригтыг тангараг өргүүлээдэхжээ.
Яахав, Их хурлын даргын хэлснээр энэ парламент элэг бүтэн болох нь боллоо. Гэхдээ араасаа баахан хэл ам, гомдол чирэгдэл зүүсэн шийдийг төрийг жолоодож буй АН-ын дарга нар гаргачихаж.
“Элэг бүтэн болсон…”-ыг зарласан Их хурлын дарга энэ талаар тун чиг ихх мэдлэгтэй байх учиртай. 2004 онд доо, УИХ-ын сонгуулийн дараа Өвөрхангайн тойрог дээр бас л маргаан, маапаан өрнөж зарга нь Дээд шүүх хүртэл явж байлаа.
МИАТ-аас идэж ууснаараа дуудуулаад байгаа Д.Сугар, одоогийн Их хурлын дарга З.Энхболд хоёр шүү дээ.
Хоёр жил хэртэй өрнөсөн их хэрүүлийг нь Дээд шүүх тасалснаар нэг талд нь гаргаж байв. Харин шийд нь их сонин. Уг нь өнөөгийн ойлголт, теоремоор бол олон суудалтай, Ерөнхийлөгчөө хүртэл авчихсан МАХН /хуучин нэрээр/-ын Д.Сугар УИХ-д орож ирэх ёстой. Гэтэл З.Энхболдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ.
Энэ утгаараа баасан гаригийн орой хэвлэлийнхнийг цуглуулан хууль тайлбарласан З.Энхболд дарга сонгуульд өрсөлдөх хийгээд саналаа луйвардуулах шахсан зэрэг зовлонг биеэрээ эдлээд гарсан хүн. Тэр үеэс хойш найман жил өнгөрчээ. Мартагдсан ч байж болох.
Гэвч энэ хүн, АН-ын бусад дарга, гишүүд зүтгүүлсээр Д.Зоригтоо тангараг өргүүллээ. Чухамдаа тэд төрийн эрх барьж байгаадаа дулдуйдан, хүч түрэмгийлэн шийдчихэв. Ямар ч яриагүй, ямар ч хуульгүй, ямар ч улс төрийн соёлгүй, ард түмэнд ямар ч хүндэтгэлгүй… зүгээр л тангараг өргүүлж орхилоо.
Уг нь төрийн эрх мэдэл, хэмжээ дамжаа гэдэг ийм том, ийм хүчтэй эд л дээ. Гэхдээ хуульд захирагдах учиртай байв.
Нөгөө талаар намынхаа, “төр”-ийнхөө хүч нөлөөгөөр эрхэм гишүүний тангараг өргөсөн Д.Зоригт ичих учиртай байлаа. Учир нь тэр ялагдсан. Өмнөх УИХ-д гишүүн байхдаа хөрөнгө орлогоороо тэргүүлдэг байсан тэрээр сонгуульд өрсөлдөөд ялж чадаагүй.
Хэдхэн сарын өмнө дөө, АН-аас “АПУ” Г.Батхүүг, МАН-аас С.Чинзоригийг тангараг өргүүлж, Их хуралд оруулахаар хоёр намын удирдлагууд тохирсон бололтой юм. Тэр үеэр “Монгол шуудан”-ийн Д.Зоригт сүрхий үг мөн ч олныг унагаж байжээ.
Тэрээр “Би УИХ-ын гишүүнээс өөрөө татгалзсан” гэж мэдэгдэн “Ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж татгалзсан. Өвөрхангай аймгийн иргэд УИХ-д төлөөлөлтэй болох, УИХ-ын үйл ажиллагаа ч гацахгүй үргэлжлүүлэх үүднээс нэрээ татсан” хэмээн ярьж байлаа. Д.Зоригтыг ийнхүү мэдэгдсэний дараа ОХУ-д суух Элчин сайд, бас “Эрдэнэт”-ийн захирлаар томилуулах санал ч гараад байгаа талаар сураг дуулдаж байв.
Д.Зоригт ингэж ярьснаа мартан байж Их хурлын гишүүний суудалд сандайлаад авав. “Эр хүн хэлсэндээ…” гэдэг үг дээдсээс дэмий нэг уламжилж ирээгүй байх учиртай сан. Гэвчиг энэ байтугай нь “халагдаад” байгаа цагт Д.Зоригтын энэ явдал ч байга хэрэг биз ээ.
Эхлээд аргадах маягаар Г.Батхүүг, араас нь хулхидах аргаар Д.Зоригтыг тангараг өргүүлсний эцэст МАН тэр чигтээ хохирчихов уу гэвэл үгүй. Тэртэй тэргүй өнгөрсөн сонгуулиар байдгийнхаа хаяанд оччихсон энэ намд Өвөрхангайн хоёр суудлыг тавиад туусан нь юу ч биш гэдгийг харж байна.
Харин энэ бүхний цорын ганц хохирогч нь С.Чинзориг. Тэр одоо “УИХ-д нэр дэвшиж байлаа…” гэсэн намтартай л үлдлээ. С.Чинзоригийн хувьд өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдож СЕХ-ноос түр үнэмлэхээ гардаад байлаа. Гэсэн ч АН-ын тал шүүхэд хандаж заргалдсаар, эцэстээ “төр”-тэй нийлэн дараад авлаа.
Уг нь С.Чинзориг намынхаа өмнө бол хийдгээ хийчихэж. Сү.Батболдын шахааны хүн, “барилгачин” Н.Төмөрхүүг адалж, хажиглалгүй дагуулаад Өвөрхангайд очсон. Сайн тулалдсан. Хөрөнгөө, хүчээ зарцуулсан, дайчилсан. Ялсан. Гэхдээ ялалтыг хүчингүй болгоход муу багийн нөлөө байсан ч юм уу хэн мэдлээ.
С.Чинзориг өнөөдөр сонин, телевиз бүрээр учирласан ярилцлага өгч гүйх нь угтаа зүйд нийцэмгүй. Ялалт байгууллаа, өрсөлдөгч намын атакт орлоо. Энэ үед нь МАН-ын дарга нар “хамгаалалт”-даа авч ялалтыг нь баталгаажуулж өгөх ёстой байлаа. Ер нь өнөөгийн намын үндсэн үүргийг ч энэ гэж ойлговол зохих аж.
Гэвч МАН-ын удирдлагууд тэгж чадсангүй. Баасан гаригийн орой Д.Зоригтыг тангараг өргүүлэхээр болсныг дуулсан МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Уг нь тохиролцсон шүү дээ” гээд царайчилж суугаа нь харагдав. Сануулаад байгаа юм уу, гуйгаад байгаа хэрэг үү, юутай ч дуугүй суусангүй. Хөөрхий дээ, сөрөг хүчний удирдагч хүн ингэтлээ нунж дорой араншин гаргах гэж хэмээн олон хүн халаглаж харагдана.
Зүй нь З.Энхболд шиг товхийтэл хуулийн заалт уншаад, тохиролцоо бус хууль сануулах учиртай байлаа. Мөн генсекээрээ удирдуулсан эсэргүүцлийн жагсаалыг бямба гаригт хийсэн ч болох байв. Яс юман дээр энэ бол М.Энхболд, Ц.Нямдорж, Сү.Батболд нарт лоозон бариулаад чуулганы танхимын үүдэнд суулгах шалтгаан мөнөөс мөн байсан юм. Гэсэн ч тэгсэнгүй.
Ямар нэг юманд дэгээдүүлсэн, нээнтэглүүлсэн царайтай МАН-ын энэ цагийн удирдлагууд сөрөг хүчин болсон ийм чухал цаг үедээ хоёр байсан суудлыг нэг болгож, улмаар юу ч үгүй болтол нь “бэлэг” болгож орхив.
Лав далан жил Монгол төрийн толгойд “заларсан” МАН урьд өмнө хэзээ ч өнөөгийнх шиг дорой, хөөрхийлөлтэй байсангүй. Товчилж хэлбэл, яг одоогийнх шиг удирдлагатай байсан удаа үгүй.
Бор зүрхээрээ зүтгэж ялсан амжилтыг нь хадгалж чадахгүй байгаа энэ намын дарга нараас сөрж, тэмцэж, эрх баригчдын нервийг барж ажиллах талаар бол хүлээгээд ч нэмэргүй нь.
Угаас лидергүй, удирдан залагчгүй улс төрийн хүчин ингэж доройтон мөхөстдөг ажээ.
Б.ОНОН
URL: