“Mongolia Open”-ий хошой аваргууд
Чөлөөт бөхийн “Mongolia Open- 2013” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Энэ жилийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Болгар, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Чуваш улс, Япон зэрэг гадаадын долоон орон болон Монголын бөхчүүд зодоглов. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120, эмэгтэй 48, 55, 67 кг-ийн жингийн бөхчүүд дэвжээнд гарч өрсөлдлөө.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд гавьяат тамирчин Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт Оросын бөх Н.Фёдороваг ялсан ч дараагийн тойрогт Японы бөхөд ялагдав. 55 кг-ийн жинд өндөр итгэл хүлээлгэж байгаа олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт гол өрсөлдөгчдийн нэг болох олон улсын хэмжээний мастер Б.Номин-Эрдэнэд цэвэр хожигдсон бол, эрэгтэйчүүдээс 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр медальгүй хоцров.
Өнгөрсөн жил зохиогдсон тэмцээнд түрүүлсэн Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар энэ жил дахин аваргалж “Mongolia Open”-ий хошой аварга болов. Тэмцээний алтан медаль хүртсэн тамирчдыг 1500, мөнгөн медальтнуудыг 1000, хүрэл медальтнуудыг 500 ам.доллараар шагнажээ.
Тэмцээний аваргууд:
Эрэгтэй
55 кг. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” сургууль/
66 кг. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
84 кг. Пүрэвийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо/
120 кг. Жаргалсайханы Чулуунбат /”Сүлд” спорт хороо/
Эмэгтэй
48 кг. Ивамура Анна /Япон/
55 кг. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
67 кг. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
М.Тилек
URL: