Баавар хаачсан нь мэдэгдэхгүй байна
Амьдаараа боодог болсон Бааварыг хааш нь авч явав
Түүнийг өчигдөр 12:00 цагийн үед гэр бүлийнхэн нь болох ээж, ах, эгч нар нь ирж гаргасан байна. Хачирхалтай нь түүнийг эмнэлгээс гарахад цагдаагийн нэг ч алба хаагч байгаагүй аж. Тиймээс Бааварыг хааш нь авч явж байгаа нь олны анхаарлыг татаж эхэлсэн юм.
Уг нь “Дижитал” хамтлагийн экс ахлагч Бааварыг эмнэлгээс гарсан даруйдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангидаа буцаад очно гэж иргэд ярьж байсан. Шуудхан хэлэхэд түүнийг цэрэг, цагдаагаар мануулан сүр дуулиантайгаар хорих ангид нь аваачих ёстой байв.
Гэтэл эсрэгээрээ түүнийг хэнд ч хэлэлгүй, хаашаа авч явж байгаа нь тодорхойгүй эмнэлгээс гаргасан юм.
Угтаа энэ нь олон нийтийн гайхширлыг төрүүлэхээс гадна Бааварын эмнэлгээс гарсан талаар ихэд сонирхож эхэлсэн.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр “Дижитал” хамтлагийн экс ахлагч Баавар гэртээ харьжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түлэгдэн эмнэлэгт хүргэгдэж ирснийх нь дараа нийслэлийн Прокурорын газраас батлан даалтад гаргах тухай шийдвэрлэсэн байна.
Баавар сар гаруй эмнэлэгт хэвтэж, бие нь ч сайжирсан тул эл шийдвэрийн дагуу гэртээ харьсан аж. Түүнийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр Эрүүгийн тухай хуулийн 192.1-ээр буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ч холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.
Харин эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнөөдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн сахилгын өрөөнд гарсан галтай холбоотойгоор байцаалт өгч эхлэх бололтой.
Дашрамд дуулгахад Бааварыг эмнэлгээс гарахын өмнөх өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиход тэрбээр эмнэлгийн халаадаа тайлчихаад, хэнээс ч айж ичсэн шинжгүй өдрийн хоолоо идэж байв. Тэр ч битгий хэл өөрийнхөө түлэгдсэн сорвийг харуулж биеийн байдлаа харьцангуй дээрдсэн талаар ярьж байсан.
Учир нь Баавар эл эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа хоёр ч удаа арьс нөхөх хагалгаанд орсон. Тухайн үед эмнэлэгт удаан хэвтэх хүсэлгүй байгаа нь илт ажиглагдаж байсан юм. Харин саяхан эмч нар нь “Баавар түлэнхийн талаас ямар нэгэн гэмтэл зовиур үлдээгүй, бүрэн эдгэрсэн” хэмээн ярьж байсан.
Мөн эл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн ярьснаар Баавар “Наад түлэгдэлт чинь юу ч биш. Намайг ямар аймар түлэгдэж ирснийг мэдэж байгаа биз дээ. Тосоо сайн түрхээд, эмчилгээгээ хийлгэвэл дороо л босоод ирнэ” гэх зэргээр сэтгэлийг нь засдаг байсан гэнэ.
URL: