Ажлаас халах тушаалын цаана татвар төлөгчдийн мөнгө урссаар байхуу?

Эр бяр нь багтаж ядсан дарга нарын  амнаас “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай”  гэх үгийг сонсох болсоор  найман сар болж байна.  Тэсэхээ байгаад ийм зүйл бичиж сууна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар миний нэр дээр иргэдээс олон арван захидал, хүсэлт ирдэг. Мөн төдий чинээ иргэд уулзах хүсэлт тавьдаг юм. Тэдний маань дийлэнх хувь нь ажилд орох, хуульзүйн үндэслэлгүй халагдсан ажилдаа эргэж орох гуйлтууд байдаг.
Би ажилд авдаг, томилдог албан тушаалтан биш болохоор “Ажилд нь эргүүлэн авна уу” гэсэн албан бланк явуулахаас хэтрэхгүй байна. Зарим нэг газар, хэлтсийн дарга нартай уулзаад “Чи яагаад тэр гуайг ажлаас нь халчихаа вэ. Танай салбарын туршлагатай боловсон хүчин шүү”  гэхэд “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэж ам таглана. Эзэн Чингисийн үеэс хэрэглэж ирсэн үг гэхээ ч мартахгүй юм даа.
Улс төрийн нэг хүчин Засгийн эрх авангуутаа улангассан чоно хотонд орж байгаа мэт төрийн байгууллагын ажилчдыг хомроглон халах болов. Төрийн байгууллагын ажилтнууд нэг хэсэгтээ л рингэд гарсан туршлагагүй боксчид шиг дальдчиж зогсох юм. Утга учиргүй халагдахын тулд тулд ухамсарт амьдралынхаа тодорхой цаг хугацааг сурах боловсрох, мэргэшихэд зориулсан гэж үү. Мэргэжлийн боловсон хүчний хувьд ажлаасаа халагдана гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйлээ алдаж буйтай адил байдаг.
Тэгээд ч шинэ үеийн дарга нарын ажлаас халах арга барил өндөр түвшинд хүрсэн байна. Бүгд л ах нараасаа суралцаж, шүд зуулттай явсан нөхдүүд бололтой. Ажлаас халахын тулд залуу  боловсон хүчинд сургууль сурах тэтгэлэгт хамруулах тухай санал тавина. Хоёрдугаарт зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээтэй тэтгэмж санал болгоно. Гуравдугаарт шууд сүрдүүлж эхэлнэ. Алдаа дутагдал олсон бол АТГ, шүүх, цагдаагаар дарамталж эхэлдэг байгаа юм.
Ихэнх ажилтнууд шүүх, цагдаа, АТГ-аар явахааас төвөгшөөгөөд зургаан сарын цалинтай тэнцэх  тэтгэмж аваад халагдах өргөдлөө өгнө. “Өөрийн хүсэлтээр”, “Эрүүл мэндийн шалтгаанаар”, “Хүүхдээ харж хандах” гэх мэт шалтгаан бичүүлж авна. Тэгээд ч монголчууд нэр төрөө эрхэмлэдэг ард түмэн. “Авлигатай тэмцэх газар шалгуулж байна” гэхээс үхтлээ айна. Аливаа шалгалтыг эрүүл нүдээр харах хүн цөөн.  “Мань хүн “но”-той болоод л шалгуулж байгаа биз. Зүгээр хүнийг юу боллоо гэж шалгах вэ” гэцгээнэ.  Тэгээд ч насан туршид нь “Авлигатай тэмцэх газар шалгуулж байсан” гэх тодотгол дагадаг гэх.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Ус цаг уурын хүрээлэнгийн захирал Д.Аззаяаг ажлаас нь таван удаа халсан байдаг. Таван өөр үндэслэлээр шүү. Эхний удаа ажлаас халангуут нь Д.Аззаяа Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан ялалт байгуулсан ч С.Энхтүвшин давж заалдсан байдаг юм билээ. Иргэн Д.Аззаяа гурван шатны шүүх дээр ялалт байгуулаад шүүхийн шийдвэрээр ажилдаа ороод ирэнгүүт дахиад халчихдаг. Нийтдээ Д.Аззаяа 15 удаа шүүх дээр ялалт байгуулж дөрвөн жил шүүхийн өмнө зогсож байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу өглөө нь ажилдаа оронгуут үдээс хойш халчихдаг байх юм. Халах шийдвэрээ хүүхдийн нь бие тааруу, үхэл зовлонтой үед нь гаргана. Тийм хүнд хэцүү үед хэрүүл зарга хийхийг монголчууд цээрлэдэг. Энэ хорио цээрийг хүртэл даван өөрийнхөө төлөө тэмцэж буйд Д.Аззаяад баяр хүргэх хэрэгтэй. Тэр өөрийн тэмцэлээр албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг няцааж байгаа хэдий ч одоо хүртэл ажилдаа орж чадсангүй.
Түүнийг янз бүрээр  АТГ, цагдаа, шүүх гээд шалгуулаагүй газар байхгүй юм билээ. Иргэн Д.Азаяа дөрвөн жил ямар их дарамтанд байсныг төсөөлөхын аргагүй. Энэ бүхний цаана бас нэг хохирогч бий. Тэр бол төр засаг юм.  Ажлаас халагдсан нь цалингын нөхөн олговор, ажилд орсон нь цалингаа авна. Үүний цаана төрийн мөнгө урсаж байгаа юм.
Д.Аззаяагийн хувьд шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн цалин авна. Бараг 15 сая орчим төгрөг болж байгаа юм. Д.Аззаяагийн орон тоо дээр хүн ажилд авчихсан болохоор улсын данснаас 15 сая орчим төгрөг зүгээр л гараад явчихаж байна гэсэн үг. Ажлаас халагдахаас үхтлээ айдаг  С.Энхтүвшин даргын  алдаатай шийдвэрээс болж байгаа хэрэг. Уг нь төсвийн хуулинд алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтан хохирол барагдуулна гэсэн утга бүхий заалт байдаг ч хэрэгжиж байсан удаагүй.
Жилдээ мянга гаруй иргэд шүүхэд ханддаг гэж дээр дурьдсан. Тэндний 80-90 хувь нь шүүх дээр ялалт байгуулдаг.  Эдгээр иргэдийн нөхөн олговорт татвар төлөгчдийн ямар их мөнгө урсаж байна бэ. Үүнийг албан тушаалтан огт тоодоггүй. Яагаад гэвэл тэд нарын халааснаас мөнгө гарахгүй болохоор тэр шүү дээ.
Ийм жишээнүүд олон доо. Дээд шүүхийн шүүгч нарт баярлалаа гэсэн нэгэн эмэгтэйн захиа бий. Тэр эмэгтэй цэцэрлэгийн эрхлэгч байж. Гэтэл түүний ажил албанд шунасан этгээдүүд түүнийг Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар шалгуулахаар өгсөн байдаг. Шалгалтаар юу ч илэрсэнгүй, нотлогдсонгүй. Гэвч түүнийг жирэмсэн байхад ажлаас нь халсан байгаа юм. Ингээд  мань эмэгтэй шүүхэд хандаж яваад хүүхэд нь зулбасан байдаг. Гэсэн хэдий тэмцэж явсаар Дээд шүүх дээр ялжээ. Анхан болон дунд шатны шүүхэд ялагдсан юм билээ. Тэгээд учиргүй их баярлан “Дээд шүүхийн шүүгч нартаа баярлалаа” гэж бичсэн хэрэг.
Энэ эмэгтэй цалингаасаа гадна өмгөөлөгчдөд гаргасан зардлаа улсаас гаргуулж авахаар болсон нь сайшаалтай. Уг нь түүний ажил албан тушаалд шунан ажлаас нь халж, бүхэл бүтэн жил зовоосон нөхдөөс нөхөн төлбөр гаргуулсан бол шударга ёсонд нийцэх байв. Хоёр хүүхдээ дагуулаад бүхэл бүтэн жил шүүхийн үүд сахисан энэ эмэгтэй шударга ёсны төлөө хэвлий дэх үрээ алдсан юм даа.
Ард түмний зовлон зүдгүүр миний зүрхэн дундуур урсаж байдаг. Ялангуяа намын харьяаллаар төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халсан албан тушаалтантай хариуцлага тооцдог арга барилыг сайжруулмаар байна. Нэг улс төрийн хүчин гарч ирээд хомроглон халдаг үзэгдэл хэдий болтол үргэлжлэх юм бэ. Төрийн албан хаагч ажилтайгаа, амьдралтайгаа үлдэхийн тулд хууль зөрчин аль нэг намыг ялуулахын төлөө гүйхгүй яах юм бэ. Миний бие хөдөлмөрийн хуульд тодорхой заалт оруулахаар тэмцэж байна. Тиймээс ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд санаа бодлоо нэмэрлээрэй. Хууль бусаар ажлаас халагдчихаад чимээгүй байна гэдэг төсвөөс хулгай хийгчдийг өөгшүүлж буй хэрэг юм.

М ОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНЫ ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР
2013 оны 05 сарын 10

URL:

Сэтгэгдэл бичих