Дугуй унах нь эрсдэлтэй юу?
Хүүхдүүд мэдээж дугуй унах дуртай. Мөн скэйтбоүрд, ролик гээд тэдний сонирхдог зугаа олон. Гэсэн ч эдгээр тоглоом нь зарим хүүхдэд эрсдэл учруулж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь, хүүхдүүд дугуй унах явцдаа зам тээврийн осолд өртөх замын хажуу талын хайс, нүх рүү унаж осолдох нь их байна. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс байнга анхаарал халамж тавих хэрэгтэй гэдгийг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Урин дулаан орж, гудамж талбайд дугуйтай жаалууд цөөнгүй үзэгдэх болсон. Мөн орой, үдшийн цагаар замын хөдөлгөөнд оролцдог эрэлхэг дугуйчид ч олон бий. Тиймээс хэн дугуй унаж болох, дугуй унахдаа юуг илүү анхаарах ёстой вэ гэдгийг дуулгая. Мэдээж, ямар нэгэн зүйлийг сайн сурч, түүнийгээ сайн эзэмших нь тэдний хувьд бахархалтай зүйл. Гэсэн ч 10-аас доош насны хүүхдүүд дугуй, скэйтбоүрд, ролик унахад шаардлагатай ур чадвар хараахан хөгжөөгүй байдаг. Тухайлбал, дугуй унах, бие бялдрын хангалттай ур чадвар байхгүй. Замын хөдөлгөөний учрыг олох мэдлэг, ур чадвар хомс байдаг гэж байна. Мөн өөрсдийн хийсэн үйлдийн үр дагаврын талаар дүгнэж боддоггүй. Үе тэнгийнхээ нөлөө, шахалтад автаж, аюултай үйлдэл хийдэг гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
ДУГУЙ БОЛОН БУСАД ТОГЛООМ ТОГЛОЖ БАЙХАД ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЮУГ АНХААРАХ ВЭ?
Сургуулийн болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугуй унахад хүүхдийг үргэлж харж, хандаж хэрэгтэй. Авто зам дээр хэзээ ч хараа хяналтгүй дугуй унаж болохгүй. Мөн мотоцикл явдаг зам, бусад эрсдэлтэй газар тоглож болохгүй гэдгийг сэрэмжлүүлэх, хэлж ойлгуулах нь чухал. Зарим хүүхэд саваагүй зангаасаа болж, уул толгод, замын хажуу, мөлгөр гудамж, төмөр тор, бусад хатуу ширүүн гадаргуутай газар тоглох гэдэг. Тиймээс скүүтэр болон унадаг дугуйг нэгээс илүү хүнтэй хамт унахгүй байх, өвдөг, тохойн хамгаалалт байнга өмсөх хэрэгтэй гэдгийг нь онцгой анхааруулъя.
ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙ ТОЛГОЙН ГЭМТЛИЙГ 80 ХУВЬ БУУРУУЛДАГ
Хэрвээ танай хүүхэд дугуй унах, роликоор тоглох дуртай бол хамгаалалт хэрэглэх хэрэгтэй.
Дуулга буюу хамгаалалтын малгай өмсөх нь тархи, толгойн гэмтлийг 85-88 хувиар бууруулдаг. Тиймээс та хамгаалалтын малгай өмсөхдөө дараах зүйлсийг анхаараарай.
¨ Дуулгаа зөв өмсөх. Ингэхдээ толгойны өмнөд хэсэг рүү суулгах
¨ Уядаг оосор нь чанга бэхэлгээтэй байх. Энэ нь дуулга хөдлөх, унахаас сэргийлнэ. Мөн ослын үед толгойндоо гэмтэл авах эрсдлийг бууруулна.
¨ Дуулга яг таарсан байх ёстой. Таараагүй дуулга толгойны гэмтлийг хоёр дахин ихэсгэдэг.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: