С.Чинзориг: Шүүх хуралтай холбоотой материалуудыг олон нийтэд удахгүй дэлгэнэ

d6603f2e45ea5b3foriginal- Иргэдийн сонголтыг мөнгөтэй хүнд, шүүх эрх мэдлээр далайлгаад авчихаж болдоггүй юм -

УИХ-ын 10 дугаар тойрог, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж олонхийн санал авсан хэдий ч одоог хүртэл УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөөгүй байгаа С.Чинзоригтой ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхээр ярьж эхэлтэл Д.Зоригтыг тангараг өргүүлнэ гэж барьцсан тухай яриа гарч байна. Энэ байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Би энд байр суурь гэхээсээ илүү нэг л зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй юм. Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн маргаантай холбоотой тоо баримт яривал маш удаан яриа болно. Энэ маргаанд шүүх хэт нэг талыг барьсан, хэт шуналдаа автсан улстөрчдийн увайгүй үйлдлийг гүйцэлдүүлсэн нь эмгэнэлтэй байдал үүсгэлээ. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Н.Төмөрхүү бид хоёрыг буруутгаж байгаа атлаа хариуцагчаар оролцуулалгүй. Зүгээр л гудамжинд гаргаж байгаад маргааныг шийдсэн. Өвөрхангай аймгийн шүүгч ч мөн адил намайг шүүх хуралд хариуцагчаар оруулаагүй шийдсэн. “Гуравдагч этгээдээр оруулаач, миний эрх ашиг зөрчигдөж байна” гэж хүсэлт гаргахаар Та хоёрыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэсэн шүүгчийн захирамж гаргаж байгаад маргааш нь Г.Батхүү, Д.Зоригт хоёрын талд шийдвэр гаргасан. Давж заалдах гэхээр “Уучлаарай, Та хоёр хариуцагчаар шүүх хуралд оролцоогүй учраас давж заалдах эрхгүй” гэсэн.

-Энэ маргааныг өдий болтол шийдэж чадахгүй байгаа учир шалтгааныг Та юу гэж үзэж байна?
-Хуулиа буруу хэрэглээд хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болохоор буцааж залруулахад хугацаа их шаардаж байгаа юм. Сүхбаатар дүүргийн шүүхэд насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэх үйлдэлд С.Чинзориг миний бие холбогдолгүй болохыг тогтоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Түүнд иргэний хэрэг үүсгээд шалгаж байна. Шүүх хурал удахгүй болж, энэ маргаан нэг мөр шийдэгдэх байх. Түүнээс АН-ынхны яриад байгаа шиг Дээд шүүх шийдвэр гаргаагүй, ҮХЦ шийдвэр гаргаагүй. Дээд шүүхэд хандахаар аймгийн давж заалдах шатны шүүхээр ороогүй хэрэг учраас маргаан үүсгэж хянах боломжгүй гэсэн тайлбар өгч байна. Үндсэн хуулийн цэцэд хандахаар шүүхийн процесс дуусаагүй учир маргаан үүсгэх боломжгүй гэсэн. Захиргааны хэргийн шүүхээр Өвөрхангайн 10 дугаар тойрогтой холбоотой маргаан ороогүй. Маргаан үүсгээ ч үгүй. Гэтэл Д.Эрдэнэбат дарга Захиргааны хэргийн шүүхээр шийдсэн гэж хэлээд байгаа нь хэт нэг талыг барьж буйн баталгаа шүү дээ.

-Хэрэв Д.Зоригт тангараг өргөхөөр болчихвол яах вэ?
- Иргэдийн сонголтыг мөнгөтэй хүн шүүх эрх мэдлээр далайлгаад авчихаж болдоггүй юм. Бид ардчилсан оронд амьдарч байгаа хүмүүс. Тиймээс энэ ардчилсан нийгэмд иргэдийнхээ сонголтыг шүүхээр далайлгаж булааж, дээрэмдэж авдаг увайгүй үйлдэл гаргахгүй болов уу гэж найдаж байгаа. Хэрэв ийм үйлдэл гаргавал ардчиллын түүхэнд үлдээсэн хамгийн том хар толбо болно. Манай намыг коммунистаар нь дуудаад байдаг юм, уг нь. Гэтэл бүх л сонгуульд маргаан гардаг. Гэхдээ дандаа л АН-ынхан ард түмний сонголт эцсийн сонголт байдаг гээд л авдаг байсан шүү дээ. Хамгийн гол нь ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан нэртэй нам төрийн эрх барьж байгаа үедээ улаан цайм ийм үйлдэл хийхгүй байлгүй дээ. Үнэхээр ийм шийдвэр гаргаад Д.Зоригтыг тангараг өргүүллээ гэхэд би яахав ямар боож үхэлтэй биш.

-Насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэж үзээд байгаа шүү дээ. Яг ямар байдлаар оролцсоныг тогтоосон юм уу?

-Тэрийг одоо болтол тогтоогоогүй. Магадгүй Г.Батхүү нэг хүүхдэд МАН гэсэн бичигтэй цамц өмсгөөд зургийг нь авахуулж байгаад шүүгчид өгчихсөн ч юм билүү, хэн мэдэх юм бэ. Та нар бодоод үз дээ. Насанд хүрээгүй хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллууллаа гээд зүтгээд байгаа юм. Үнэн хэрэг дээрээ тийм байсан ч гэлээ тэр хоёр хүүхэд 6000 гаруй хүнд нөлөөлж чадах байсан гэж үү. Би Д.Зоригтоос зургаан мянга, Г.Батхүүгээс гурван мянган гаруй хүний илүү санал авсан. Тийм ч учраас тун удахгүй шүүх хуралтай холбоотой материалуудыг олон нийтэд дэлгэнэ. Тэгэхээр хэн нь үнэн яриад байгааг Та бүхэн хараарай.

Д.БУЛГАН

URL:

Сэтгэгдэл бичих