Залуус мөнгө олохын тулд бөөрөө зарах зар тавьж эхлэв
Сүүлийн үед оюутан залуус “Өрөөсөн бөөрөө зарна” хэмээн интернэтээр зар явуулж, Улсын клиникийн төв эмнэлгийн бөөрний тасагт мэр сэр хандах болжээ. Тэгвэл ийм зарын тоо сүүлийн үед эрс өсч байгаа аж. Учир нь, манай улсад 10 хүн тутмын нэг нь бөөрний архаг дутагдалд орж, зарим нэг нь хорвоог орхин харин азтай нэгд нь амьдрах хувь олддог байна. Уул нь бол эд, эрхтэний донорыг гэр бүлийнхэн, ойр дотны төрөл төрөгсдөөс нь авдаг ч өнгөрсөн жилийн тавдугаар сард батлагдсан “Донорын тухай” хуулиар тус заалтыг хүчингүй болгосноор эрүүл эрхтэнтэй, шинжилгээнд тэнцсэн хүн бүр хэний ч донор болох боломж бүрджээ. Нэг талын эд эрхтэний хувьд нийлүүлэлтийг өсгөсөн сайн талтай гэсэн үг. Харин нөгөө талаас нь харвал хүний эрхтэний наймаа дэлхий даяар цэцэглэж байгаа энэ үед зоосны нүхээр амьдралыг харагчид олширч, бие нь эрүүл бол эрхтэнээ зарах бодолд автах нь нэмэгдсэн гэсэн үг юм.
Уул нь бол Донорын тухай хуулиар эд эрхтэнээ хэн нэгэнд өгч байгаа бол мөнгө авах ёсгүй аж. Гэтэл хүмүүс хууль зөрчиж, “Өрөөсөн бөөр зарна” гэсэн зарыг ихээр явуулах болжээ. Мэдээж, цаана нь бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүс өвчнөө эдгээхийн тулд худалдан авагчаар оролцдог болж таарч байгаа юм. Энэ худалдаанд зөвхөн хоёрхон тал оролцдог учраас бөөрний үнэ хэд байдаг нь харилцан тохиролцоогоор явагддаг гэж хэлж болно. Ямартай ч манай улс бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш долоон жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 70 орчим хүн ийм хагалгаанд оржээ. Нэг нь насаараа нэг эрхтэнгүй явна, харин нөгөөх нь эрхтэн худалдаж авч байгаа гэдэг утгаараа 3-5 сая орчим төгрөг болдог тухай зарим бөөрөө өгөхөөр зар тавьж байсан залуус яриандаа дурджээ.
Харин мөнгө олохын хүслэн болсон залуус ихэсч байгаа учраас Клиникийн төв эмнэлгийнхэн бөөрний донор сонгохдоо эрүүл бөөртэй, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авдаг болжээ. Тийм болохоор бөөрөө зарна гэж зар тавиад, санаатайгаар хууль зөрчих гэж байгаа үзэгдэл тийм ч амархан биелэхгүй нь бололтой. Харин ийм байдлыг газар авахуулахгүйн тулд хууль хяналтынхан сайн ажиллаж, хяналтаа чангатгах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Эх сурвалж wikimon. мн
URL: