Ц.Элбэгдорж жилийн орлого, түүхийн үнэт эдлэлээрээ баян бол Б.Бат-Эрдэнэ тал дүүрэн малтай

8482_991Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр дахиа сойгдож буй Ц.Элбэгдорж, анх удаа нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнэ нарын хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн ойрын өдрүүдэд харзнаж, харьцуулж байна. Ажил амьдралын байдал, гэр бүл, үр хүүхэд, сайн муу тал, эд хөрөнгө гээд л тэднийг харьцуулж, харахгүй зүйл үгүй боллоо. АТГ-аас жил бүр гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэг цацагдаж эхэлсэн энэ өдрүүдэд халаасных нь зузаан, нимгэнийг ч сонжиж эхэлсэн нь ойлгомжтой. Хамтдаа шинжицгээе.

Бидний олж анзаарсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жилийн орлого, түүхийн үнэ бүхий эд зүйлээрээ “аварга” гишүүнийг бут цохиж байгаа бол Б.Бат-Эрдэнэ тал дүүрэн малаараа Элбэгээг байтугай энэ парламент дахь нөхдөө тэргүүлж байгаа аж.

Ц.Элбэгдорж өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ /ХОМ/ жилийн нийт орлогоо 118 сая 462 мянган төгрөг хэмээн тодорхойлжээ. Гэр бүлийн орлого нь зургаахан сая төгрөг гэнэ. 418 сая 911 мянган төгрөгийн өртөг бүхий нэг орон сууцтай, мөн нэг ч автомашингүй гэж мэдүүлжээ.

26 сая 900  мянган төгрөгийн гурван үхэр, 20 хонь, 25 адуу, 15 ямаатай тэрбээр 07 га газраа ч аваагүй хэдий ч 635 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй аж. Хадгаламжиндаа 75 сая 759 мянган төгрөгтэй Ерөнхийлөгч маань “Муштааг” ХХК, “Анх-Эрдэнэ” ХХК, “Либэрти” дээд сургууль, “АСУ” ХХК, “Женко тур бюро” ХК, “Ремикон” ХК-д хөрөнгө оруулсан байна.

Харин шинэхэн бөгөөд сонихон нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ жилд ердөө 25 сая 971 мянган төгрөгийн орлоготой ажиллаж, амьдардаг байна. Гэр бүл нь 20 сая 504 мянган төгрөгийн орлоготой. 502 сая 100 мянган төгрөгийн хоёр орон сууц, нэг үйлдвэрлэл үйлчилгээний газартай гэнэ. Suzuki Grand Vitara, Lexus-470 гэсэн автомашинуудаа 97 сая 800 мянган төгрөгөөр үнэлсэн гэнэ.

400 адуу, 20 хурдан удмын адуу, 60 үхэр, 3000 хонь, 350 ямаагаа 395 сая 500 мянган төгрөгөөр үнэлжээ. 07 га газраа 10 сая төгрөгөөр үнэлж, дансандаа таван сая 568 төгрөгтэй хэмээсэн аж. “Буулайн цацал” ХК, “Атар Чандгана” ХК, “Сүү” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хөрөнгө оруулсан тэрбээр ийнхүү тал дүүрэн мал, байр, машинаараа Ц.Элбэгдоржоос илүүрхэж байна.      


URL:

Сэтгэгдэл бичих