Виктор Горбатко: Их ялалтыг авчрахад Монголын ард түмэн их үүрэг гүйцэтгэсэн
Өнөөдөр Орос улсад Эх орны дайны ялалтын 68 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэж байна. Нийслэл хотын Улаан талбайн цэргийн парадыг үзэхээр энгэр дүүрэн одонтой, баяр хөөртэй олон арван ахмад дайчид, хөдөлмөрийн аваргууд болон соёл, урлагийн зүтгэлтнүүд уригджээ.
Тэдний дундаас ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч, “Монголын анд нөхдийн холбоо“ найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Виктор Горбатко гуайг онцлов. Тэрбээр “Энэ бол агуу их ялалт. Ялалт асар их үнээр олдсоныг хүн төрөлхтөн мэднэ. Энэ ялалтыг авчрахад Монголын ард түмэн бидэнд маш их тусламж үзүүлсэн. Монголчуудын бэлгийн дотор “Монгол ард улс нисэх эскадриль”, “Хувьсгалт Монгол танк”-ийн бригадыг дурдах байна.Үүнийг оросын ард түмэн хэзээ ч мартахгуй. 1921 оноос эхэлсэн манай хоёр орны ард түмний найрамдал мөнх юм. “Монголын анд нөхдийн холбооны” тэргүүний хувьд, монголчуудын дотны хуучин, том андын хувьд, би танай ард түмэнд аугаа их Ялалтын баярын мэнд хүргэж, гүнээ хүндэтгэн мэхийн ёслож байгааг минь дамжуулахыг хүсч байна “ хэмээн МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчид хэлэв.
Москва хот А.Огторгуймаа
МОНЦАМЭ
URL: