Б.Жаргалсайхан: Би Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж чадна

jagaasБүгд найрамдах намын дар­га Б.Жаргалсайхан  хэв­лэлд өгсөн ярилцлагадаа “Би аль ч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадна” гэж итгэлтэйгээр хэлсэн байх юм. Болж байна шүү. Улстөрч хүн ийм л өөртөө итгэлтэй, шийдэмгий, зоригтой байх хэрэгтэй. Шаардлагатай бол аль ч намд элсэж болно. Элссэн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд л. Ер нь тэгээд зөвхөн Б.Жаргалсайхан ч гэлтгүй Монгол Улсын иргэн хэн гуай нь ч байсан намд элсэж болно шүү дээ. “Нам дагавал ам тосдоно” гэж ярих нь бий. Үүний адилаар нэгэнт намд элссэн бол Б.Жаргалсайханы адилаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж яагаад болохгүй гэж. Би ч гэсэн аль нэг намд элсэж чадна. Нам дээр  нь явж очоод, өргөдөл, маягтаа бөглөөд, цээж зургаа өгөөд гишүүний батлахаа өвөртөлчихнө. Тэгээд бат­лахаа барьчихаад л “Би Ерөнхийлөгч болно оо” гээд явна. Б.Жаргалсайхан аль ч намд очоод нэр дэвшиж чадаж байгаа юм чинь би яахаараа чаддаггүй юм. Өрсөлдөөд явахад болж л таарна. Мөнгөгүй байсан ч гэсэн намын батлах минь байж байхад хангалттай.  Монголд хэчнээн ч билээ дээ, улс төрийн нам байна. Хуулиа дагаад УИХ-д суудалтай нам гэж үзвэл бүхэл бүтэн таван нам байна шүү дээ. Аль нэгэнд нь яваад л очно. Хэрэв “Намдаа авахгүй” гэвэл цаана нь дахиад дөрвийн дөрвөн нам байж байна. Сонголт хангалттай байгаа биз. Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Б.Жаргалсайханы элсээд, нэр дэвшээд болоод байгаа намд хэн ч элсэж болно. Гол нь өөртөө итгэлтэй, зоригтой, чадвартай байх хэрэгтэй. Тэгээд л аль нэг намыг зорьж очоод “Би Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдье” гэхэд л болчихно. Намд элсэхэд хэрэгтэй гол шаардлагуудаа л хангачих. Бүр болохгүй бол янз бүрийн хуурамч бичиг баримт бүрдүүлээд ч хамаагүй үзээд л алдъя. Юмыг яаж мэдэх вэ, Ерөнхийлөгч болчих ч юм билүү. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг дээ.

 

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих