Л.Болд: 16 оронд Монгол улсын 159 иргэн ял эдэлж байгаа
Гадаад харилцааны сайд Л.Болд болон тус яамны холбогдох албаныхан өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр салбарын сайд сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.
-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд ЭСЯ, консулын газруудад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэсэн гомдол гаргадаг. Үүнд яамны зүгээс хэр анхаарал хандуулж ажиллаж байна вэ?
-Иргэдийн санал, гомдлыг боломжтой гэсэн бүх сувгаар хүлээн авч, шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна.
-Гаднын улс орнууд, тэр дундаа Азийн зарим оронд манай улсын иргэд гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн ямар хэргээр ял шийтгүүлээд байна вэ?
-Монголчууд маань хулгайн хэрэгт их холбогдож байна. Араас нь хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг орж байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 16 оронд Монгол Улсын 159 иргэн ял эдэлж байна. Үүний 34 нь хар тамхины хэрэгт холбогдсон.
ГХЯ-наас ял эдэлж байгаа монгол иргэдтэй биечлэн уулзах ажлыг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зохион байгуулж ар гэрийнхэнтэй нь холбоо барих зэргээр ажиллаж байна. Мөн холбогдох мэдээллийн дагуу өөрсдийн орны иргэдэд туслах ажлуудыг хийж байгаа.
Тухайлбал, Балба улсад очоод эх орондоо ирж чадахгүй байсан Буяндэлгэрийг энэ сарын 11 -нд эх оронд нь авчрахаар болсон. Түүнчлэн ОХУ-д очоод буцаж Монголдоо ирэх боломжгүй болчихоод байсан Оюунчимэгийг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь эргүүлэн авчраад байна.
Саяхан Эрээнд тус улсын хилийн цэргийн ажилтанд манай улсын иргэн зодуулж хүнд гэмтэл авсныг хууль хяналтын байгууллагад шалгуулж хохирлыг нь барагдуулаад байна.
-БНСУ-д манай улсын 29 иргэн алга болсон тухай яриа бий?
-12 нь олдсон. Мөн ес нь Монголд ажиллаж амьдарч байгаа нь тогтоогдсон. Үлдсэн хоёр нь ч олдох байх. Энэ хүмүүс бүгд гэнэт алга болчихсон юм биш. Бүртгэл сайжраад ирэхээр 1990-ээд оноос хойш алга болсон хүмүүсийн мэдээллийг гаргасан нь энэ.
-Гадаад орнуудад байгаа монголчуудын бүртгэл гэж бий юу?
-Нарийвчилсан тоо байхгүй. Үүнтэй холбогдуулан манай улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт тодорхой үүрэг өгч байна.
Үүнд, юуны өмнө суугаа болон хавсран суугаа орондоо байгаа монгол иргэдийн тоог аль болох бодитой гаргаж бүртгэлд хамруулах, цахим болон шуудан холбооны бусад хэрэгсэл ашиглан иргэдтэйгээ нягт холбоотой байж, шаардлагатай мэдээллээр хангаж байх.
Хоёрдугаарт, визийн хугацаа нь дууссан эсвэл баримт бичгээ үрэгдүүлсэн иргэд, өөрөөр хэлбэл, “хар”-аар амьдарч буй иргэдийг тэндээ ажиллаж, амьдрах албан ёсны эрхтэй болгох талаар тодорхой арга хэмжээ авах, үүний тулд ДТГ-ууд өөрийн чадварлаг хуульчтай болж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, тухайн орны холбогдох албаны хүмүүстэй уулзаж, зуучилж өгдөг байх.
Гуравдугаарт, эх орондоо ирж ажиллах боломжтой, хүсэлтэй иргэдийг бүртгэн авч, нааш нь ирүүлэх арга хэмжээ авч байна.
Д.Ганбаа
Эх сурвалж:
URL: