Харийн эрийг сонгосон бүсгүй заяа хөөрхий. Гэвч…
”Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй” гэх монгол хэлц бий. Шуудхан утгаараа эм хүн эрийн нөмөрт явдаг гэсэн уг. Эр нь хаашаа эм нь тийшээ. Ийм л зарчим. Сайн ханьтай учирвал жаргана, муутай таарвал зовно.
Энэ логик бол ганцхан эмэгтэйчүүдэд бус эрчүүдэд ч хамаарах ойлголт. Гэхдээ монгол бүсгүйчүүд элэг нэгтнээ голж, гадны хүний ивээлд багтахыг илүүд үздэг болоод удлаа.
Түүний гор нь түрүүчээсээ гарч байна. Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр харь эрийн дарамт дор өөд нар харахгүй амьдарч байгаад оргон зугатаж нутагтаа ирсэн, эх орныхоо үнэ цэнэ, ижий аавынхаа элбэрэп хайрыг яс махандаа шингэтэл мэдэрсэн эмэгтэйчүүдийн тухай ярьж бичих боллоо.
“Тураг ядрахаар уулаа. хүн ядрахаар төрлөө” гэдэг энэ. Мэдээж хэрэг, хүний нутагт хэл мэдэхгүйгээс эхлээд ёс заншил өөр, шашин шүтлэг таарахгүй гээд түмэн бэрхшээл алхам тутамд тохионо. Ойлгож байнаа, тэднийг.
Адилхан бүсгүй хүний хувьд харь эрийн атганд байсан тарчлаант өдрүүдийг нь, үхтэл үр харам гэсэн сэтгэлийг нь, цэлмэг тэнгэрээ зүүдэлж дэрээ нэвтэлсэн шөнүүдийг нь, гүйгүүл морь шиг нутгаа тэмүүлсэн орголтыг нь, ер бүгдийг нь сэтгэлээ сэмлэн байж зүрхэндээ мэдэрч байна.
Гэхдээ энд нэгэн зүйлийг онцлон хэлмээр санагдаад болохгүй нь. уучлаарай. Хөх тэнгэрийн Монголдоо. цөлх монгол эртэйгээ амьдрах боломж та нарт байсан шүү дээ. Шуудхан хэлэхэд сонголт та нарынх байсан. Амьдралаа зохиох гэж хүний нутгийг, гадны нэгнийг сонгосонд хэн буруутай вэ? Бодох л асуудал.
“Охид, эмэгтэйчүүд “Гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна, гадаад хүнтэй гэрлэхэд зуучилна” гэх мэт худал амлалтуудад хууртаж, эцэстээ хүн худалдах гэмт хэргийн хохирогч болж байна.
Хүн худалдаалсан 14 хэрэгт нийт 82 хүн хохирогчоор тогтоогдсоноос 9.7 хувь нь насанд хүрээгүй, 50 хувь нь 18-21 насны хүмүүс байна” гэх сэрэмжлүүлэг маягийн мэдээлэл цацагдаж байгааг уншдаг хүн хэд юм бол.
Харин харийн хүнтэй гэр бүл болох сонголтыг өөрөө бие даан хийж байгаа асуудлыг насанд хүрээгүй охид бусдад уруу татагдаж, улмаар хүний наймаанд өртөх эрсдэлтэй хутгаж ойлгон хүлээж авмааргүй байна.
Элэг нэгтнээ цааш түлхэн байж, өнгөтэй, мөнгөтэй хэмээн өөр улс, харь өвөр рүү тэмүүлж, найзаараа, танилаараа, зуучлалын байгууллагаар дамжуулан танилцаад, зураг солилцсон төдийд суух дээрээ тулдаг болчимгүй алхмыг манай хүүхнүүд хийдэг болсон нь нууц биш.
Энд баримт дурдъя. 2005 онд 704. 2006 онд 824, 2007 онд 970 хүн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол 2005 онд 39, 2006 онд 54, 2007 онд 78 хүн гэрлэлтээ цуцлуулжээ. Монгол эмэгтэйтэй гэр бүл болж буй гадаадын иргэдийн 70 хувь нь солонгос эрчүүд байдаг гэсэн судалгаа байна.
Хан үндэстэн хийгээд Хятадын харцуул хүний мөсөөр хэр вэ? Яаж ч бодсон монгол эрсийг гүйцэхгүй нь тодорхой. Баримт ч үүнийг нотолж байна. Гадаадын иргэнтэй гэр бүл болж, хүний наймаанд өртөж, БНСУ-аас буцаж ирсэн 43, БНХАУ-аас ирсэн 7 эмэгтэй байна гэдэг тоо нэгийг хэлээд байгаа бус уу.
Хэнийг нь мэдэхгүй, мөсийг нь таниагүй байж дагаж далдганаад, нутагт нь очдог, цаадах нь нуруугаа харуулж тараа таниулдаг. Буцъя мөнгөгүй, хандъя танилгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Ингээд харийн эрийг сонгосон бүсгүй заяа хөөрхий.
Түүнийхээ оронд жирийн монгол залууг сонгож, жаргахдаа жаргаж, зовохдоо зовж явбал ямар вэ? Амьдрал юм болохоор муудах сайдах зүйл бишгүй гарна. Болохгүй бол гэртээ гүйгээд л харьчихна шуү дээ. Ямар хүний нутгаас ирэх гэж байгаа биш. сайндаа л аймаг дамжина биз.
Одоо унаа элбэг болсон цаг. Шуудандаад л хүрчихнэ. Бүүр хэл амаа ололцохгүй бол шүүхдчихнэ. Монгол бүсгүйчүүд бид чинь эх орондоо эрх дураараа улс шүү. Харамсалтай нь, үүнийг мэдрэхгүй монгол л биш бол хэнийг ч дагахад бэлэн байдаг нь хачирхалтай.
Саяхан эмнэлэгт хамт хэвтэж байсан бүсгүй маань мессенжерээр танилцсан америк эртэйгээ амьдрахаар хоёр хүүхдээ дагуулаад АНУ явчихсан, Жил гаруй цахим ертөнцөөр өөр хоорондоо харилцаад дараа нь Монголд авчирч Гэрлэх ёслолын ордонд орж, хамтдаа зургаа авахуулаад гүйцээ.
Тэгээд л гэр бүл болсон учраас виз хөөцөлдөөд тэр нь гарчихсан болохоор ниссэн хэрэг. Тэр англи хэлэнд мань мэт шигээ анхан шатных. Гэхдээ америк эрийг сонгосон. Би түүнд охин үртэй хүн бодох л асуудал гэдгийг сануулсан боловч харин ч охидынхоо боловсролын төлөв ийм алхам хийж байна гэж тайлбарласан.
Гэсэн ч тэр сэргэлэн болохоор хүний нутагт алзахгүй биз гэж найдна. Монголд мэргэжилтнээр ажиллаж байсан араб эрд сэтгэлээ өгч улмаар дагаж нутагт нь очоод аагим халуун Египетийн шавар тагзанд амьдарч, айл хөршийнхөндөө “онигор” нүдээрээ адлуулан шоолуулж, нутгаа мөрөөсөн нулимс унагаж суудаг монгол бүсгүйн тухай Пирамидын дэргэд сонсож л явлаа, Иймэрхүү жишээ олныг тоочиж чадна.
Хүйс хүйсэндээ дургүйдээ ингэж байгаа юм биш. Бүсгүй заяагаа бүдгэрүүлэх шийдийг гаргаад байгаа болохоор тэсэлгүй дуугарлаа. Эцэст нь хэлэхэд “Хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов” гэж нэг сайхан үг байдаг даа. Орой руу ормоор айхавтар үнэн үг шүү.
Н.Саранчимэг
Эх сурвалж:
URL: