Э.Бат-Үүлийн “буянаар” ахмадууд түрээсийн байранд амьдрах боллоо
НИТХ-ын IX чуулган хуралдаж байна. МАН-ын зүгээс 14 хоногийн завсарлага авсан “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг дахин хэлэлцэж төсөл санаачлагч Э.Бат-Үүл болон НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар тус хөтөлбөрийг ахмадууд түрээслэх журмаар ашиглуулахаар болжээ.
Чуулганы эхэнд МАН-ын бүлгээс “Ахмадуудын өмчлөлд нь шилжүүлэх орон сууцны фонд бүрдүүлж, 80-аас дээш настай, төрөөс өмнө нь өмч хувьчлал болон бусад хэлбэрээр орон сууц авч байгаагүй, амьдрал ядуу, зайлшгүй тусламж хэрэгтэй байгаа ахмадуудад нэг удаа үнэ төлбөргүй орон сууц олгоё.
Зарим санхүүгийн боломжтой ахмадуудад орон сууцыг нь өмчлүүлэхэд анхаарч орон сууцны төлбөрийн тодорхой хувийг нь төр хариуцах, үлдсэн тодорхой хувийг нь хөнгөлөлттэй нөхцлөөр ахмадууд өөрсдөө хариуцах замаар шийдвэрлэх.
Үүнд нь гэр бүл, үр хүүхэд нь хамтран бага хүү, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломжоор хангахад нь нийслэлээс дэмжлэг үзүүлэх. Ахмадууд одоо амьдарч байгаа орон сууцны нөхцлөө сайжруулахад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх.
Учир нь Монгол улсын Засгийн газраас баталсан орон сууцны хөтөлбөрт ахмад настнууд хамрагдаж зээл авах ямар ч боломжгүй байна. “Ахмадын орон сууц-10,000” хөтөлбөрийн хүрээнд сувилгаа, асаргаа, эмчилгээ шаардлагатай ахмадуудад зориулсан ахмадын халамжийн төвүүдийг үе шаттайгаар байгуулах бодит шаардлага байна.
Нийслэлийн хөрөнгөөр 2011-2012 онд баригдсан “Түр суурьшуулах 300 айл”-ын орон сууцыг ахмадын орон сууцны фондны эхний ээлж болгон ахмадуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах зэрэг саналуудыг НИТХ-д оруулсан ч дэмжлэг авсангүй.
Хагас сарын турш НИТХ-ын төлөөлөгчдийг хэрэлдүүлж амжсан ахмадуудыг түрээсийн байранд амьдруулах уу? Өмчлүүлэх үү? гэсэн асуудал өнөөдрийн нэгдсэн чуулганаар эцэслэгдэж, Э.Бат-Үүл даргын буянаар ахмадууд түрээсийн орон сууцанд амьдрах хөтөлбөр хүч түрэн батлагдлаа.
МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн барьсан саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.
НИТХ-ын эрхэм төлөөлөгчидөө !!!
Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм хүндэт нийслэлчүүдээ !!! Та бүхнийхээ энэ өрдийн амар амгаланг эрж мэндчилье.
2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн НИТХ-ын ээлжит IX хуралдааны хэлэлцэх асуудлын ““Ахмадын орон сууц-4000” буюу Ахмадуудад түрээслэх орон сууцны хөтөлбөрийн төслөөс манай бүлэг завсарлага авсан бөгөөд бусад хэлэлцэх 6-н асуудлаас Ардчилсан намын бүлэг бүгдээс нь завсарлага авсан болохыг та бүхэн бэлхнээ мэдэж байгаа билээ.
Үгийн эхэнд үүнийг сануулсны учир нь НИТХ дахь Монгол Ардын бүлэг хуралд оруулж ирсэн аливаа асуудлыг гацаах, улс төржүүлэх, саад тотгор хийх үүднээс завсарлага авч байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зориудаар бодит үнэнээс зөрсөн мэдээлэл өгч байгаатай холбоотой юм.
Эрхэм хурлын төлөөлөгчидөө !!!
“Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа. Орон сууцанд орох хүсэлтээ ирүүлсэн 10,000 ахмадын дөнгөж 1,750 нь 2008-2012 оны Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр, дайнд оролцсон болон төрд олон жил зүтгэсэн ахмадуудыг орон сууцтай болгох бодлогын хүрээнд байрныхаа түлхүүрийг гардаж авсан юм.
Үлдсэн 8,000 гаруй ахмадын асуудлыг Монголын Төр Засаг, Нийслэлийн Засаг Захиргаа үргэлжлүүлэн шийдвэрлэх ёстой. Гэхдээ энэ ажлыг борог тураг амьдралдаа дөнгөж данган хүргэж ядаж байгаа ахмадуудынхаа тэтгэвэрийн хэдэн бор төгрөгөөс нь түрээс нэрээр буцаан авч болохгүй ээ.
Бид тэтгэврээсээ түрээс төлж төрийн нэртэй хүний сууцанд насны нараа жаргаахыг зөв үйл, сайн ажил гэж бодохгүй байна. Харин тэдэндээ өмчлүүлэх, хувьд нь, нэр дээр нь ордерыг нь шилжүүлэх, түлхүүрийг нь гардуулах боломжит бүх хувилбарыг сонгох нь чухлыг завсарлагын өмнө ч илэрхийлсэн, одоо ч тэр байр суурь хэвээр байгааг давтан хэлье.
Учир нь өмнөх төслөөр явбал 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй нийслэлийн ахмадуудын өргөдөл хүсэлтийг нь шийдвэрлэсэн нэрээр түрээсийн сууцанд оруулан, сарын түрээс, ашиглалтын зардалтайгаа нийлээд 110-120 мянган төгрөг тэдний тэтгэврээр төлүүлэх бөгөөд төлснийхөө хариуд настан буурал 55 хүртэлх м/кв-тай түрээсийн сууцаа хувьчилж авах, хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах, үр хойчдоо өвлүүлэх, бэлэглэх, бусдад шилжүүлэх, өмчлөх эрхгүй үлдэнэ гэдэг бол дэндүү болчимгүй, монгол хөрсөн дээр буухгүй буруу шийдвэр гэж бид үзэж байна.
Өндөр хөгжилтэй оронд ийм туршлага байдгийг бид мэднэ. Монголчууд бид барууны орон шиг асрамжийн газар биш, төрүүлж өсгөсөн үр, ачийнхаа дэргэд насыг элээдэг уламжлалтай, сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг ард түмэн юм шүү.
Та бидний сайн сайхан ирээдүйн төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж, залуу нас, халуун сэтгэл, хүч хөдөлмөр, авъяас билгээ зориулж өнөөдрийн туурга тусгаар, эрх чөлөөт Монголыг хойч үедээ үлдээснийх нь төлөө ахмадууддаа ач санах учиртай.
Энэ асуудлаар манай намын бүлэг “Infratest” сургалт, судалгааны төвөөр дамжуулж судалгаа хийлгэлээ. Судалгаанд 6 дүүргийн 700 ахмад настан хамрагдсан бөгөөд нийт ахмадуудын 82.8% нь энэ хөтөлбөрийн “түрээсээр ашиглах” хувилбарыг эсэргүүцсэн дүн гарчээ.
Мөн бид энэ асуудлаар нийслэлийн эгэл жирийн ахмадын төлөөлөл, ахмадын холбооны төрийн бус байгууллагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгууллаа. Ахмадууд үүнтэй санал нийлэхгүй байна. Тэд маань бидэнд Иргэдийн хурал дээрээ заавал хэлээрэй гэж эдгээр саналыг дамжууллаа.
Нэгдүгээрт: Ахмадуудад түрээсийн байранд амьдрах хүсэл, бас боломж алга. Амьдрал баян тул нэг ахмад нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа дараагийн ахмад орох байдлаар үргэлжлэх нь манай ёс заншил хийгээд монгол ахуйд үл нийцэж байна үүнийгээ өөрчил гэлээ.
Хоёрдугаарт: Өмнө нь өмч хувьчлал болоод хөнгөлөлттэй нөхцөлөөр төрөөс орон сууц авч байгаагүй ахмадуудыг энэ хөтөлбөртөө хамруулаад тэдэнд эзэмшүүлэх хувилбарыг сонгооч гэлээ.
Гуравдугаарт: Ажиллаж байсан салбараар нь салбарын яамдаар хуваарилж ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байх. Улмаар харъяалагдах албан газаргүй орхигдсон буюу завсардсан ахмадуудын асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллага шийдвэрлэж байхаар зохицуулалт хийж өгөөч, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлээч гэлээ.
Дөрөвдүгээрт: Ахмад настныг хөнгөлөлттэй, боломжтой нөхцлөөр орон сууцаар хангах журам гаргахад ахмадын байгууллагуудын саналыг тусгаж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ.
Тавдугаарт: Жил бүрийн улсын болон нийслэлийн төсөвт ахмадын орон сууцны хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгө суулгахад анхаарч байхыг хүсч байгаагаа биднээр дамжуулж илэрхийлснийг та бүхэндээ сонордуулъя.
НИТХ дахь Монгол Ардын намын бүлэг дээрх судалгаа, уулзалтын үр дүнг дүгнэн хуралдаж өнөөдрийн ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн төсөлд дараах бодит, ажил хэрэгч саналыг оруулж байна. Үүнд:
1. “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийн цар хүрээг нь өргөжүүлж “Ахмадын орон сууц-10,000” хөтөлбөр болгон өөрчлөх.
2. Хөтөлбөрийн зорилгод дараах саналыг тусгах:
- Ахмадуудын өмчлөлд нь шилжүүлэх орон сууцны фонд бүрдүүлж, 80-аас дээш настай, төрөөс өмнө нь өмч хувьчлал болон бусад хэлбэрээр орон сууц авч байгаагүй, амьдрал ядуу, зайлшгүй тусламж хэрэгтэй байгаа ахмадуудад нэг удаа үнэ төлбөргүй орон сууц олгох.
- Зарим санхүүгийн боломжтой ахмадуудад орон сууцыг нь өмчлүүлэхэд анхаарах. Гэхдээ орон сууцны төлбөрийн тодорхой хувийг нь төр хариуцах, үлдсэн тодорхой хувийг нь хөнгөлөлттэй нөхцлөөр ахмадууд өөрсдөө хариуцах замаар шийдвэрлэх. Үүнд нь гэр бүл, үр хүүхэд нь хамтран бага хүү, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломжоор хангахад нь нийслэлээс дэмжлэг үзүүлэх.
- Ахмадууд одоо амьдарч байгаа орон сууцны нөхцлөө сайжруулахад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх. Учир нь Монгол улсын Засгийн газраас баталсан орон сууцны хөтөлбөрт ахмад настнууд хамрагдаж зээл авах ямар ч боломжгүй байна.
3. “Ахмадын орон сууц-10,000” хөтөлбөрийн хүрээнд сувилгаа, асаргаа, эмчилгээ шаардлагатай ахмадуудад зориулсан ахмадын халамжийн төвүүдийг үе шаттайгаар байгуулах. /Хотоос зайдуу, агаар салхитай, эрүүл орчинд/
4. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийг түр суурьшуулах асуудал батлагдсан бөгөөд журмын дагуу гүйцэтгэгч компаниуд хариуцах болсон билээ. Иймд Нийслэлийн хөрөнгөөр 2011-2012 онд баригдсан “Түр суурьшуулах 300 айл”-ын орон сууцыг ахмадын орон сууцны фондны эхний ээлж болгон ахмадуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах саналуудыг НИТХ дахь МАН-ын бүлгээс оруулж байна.
Бидэнд өвлүүлсэн эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, хийсэн бүтээсэн бүхий л зүйлд нь ач санаж МАН-ын Бүлгээс хөтөлбөрийн төсөлд оруулах саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжинэ гэдэгт найдаж байна.
НИТХ дахь МАН-ын Бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан
URL: