Хүний амь бүрлэгэчихээд дарга болно гэв үү, Ерөнхийлөгч өө

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Н.Лүндэндорж гэгч хэн бэ. Шүүхийн хараат бус байдлыг хангах гол үүрэгтэй энэ байгууллагыг удирдан чиглүүлэх ажлыг энэ хүнд даатгах нь зөв үү. Ийм асуулт тавих болсон нь хэд хэдэн шалтгаантай.
Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан тэрбээр нэгэн цагт хүний амь нас бүрэлгэсэн юм. Хэргийг сийрүүлбэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар Цагаан хаалганы орчим гарцаар гарч явсан “Аварга” дээд сургуулийн оюутан охиныг дайрч, амь насыг нь хохироосон.
Хэрэг 2011 оны нэгдүгээр сарын 2-нд гарч, тухайн үедээ нэлээд шуугиан тарьж билээ. Түүний хөлөглөж явсан “Toyota Landcruiser” маркийн автомашин нь Монгол-Оросын хамтарсан III сургуулийн өмч аж. Тус сургуулийн захирал Ж.Соронзон нь Н.Лүндэндоржийн эхнэр.
Өөрөөр хэлбэл, эхнэрийнхээ албаны машиныг согтуугаар жолоодож яваад хүний аминд хүрсэн нь тэр. Энэ үед түүний согтуурлын зэрэг 0.45 хувьтай гарсан байдаг. Гэвч тэрбээр “Зүрхний өвчтэй болохоор долоогоны ханд уусан байсан” хэмээн мэдүүлсэн.
“Олон жил хуулийн сургуульд” багшилсан, бас ойр дотныхон нь боломжоо ашиглан, ийш тийш гүйсээр ял шийтгэлгүй энэ хэргээс мулталсан гэлцдэг. Уг нь Н.Лүндэндоржид Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйл буюу Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэсэн зүйл ангийн 3-т зааснаар
“Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жилийн хорих ял онооно” гэсэн зүйлчлэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Гэвч түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх хэргээс болж тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлын албан тушаалаасаа халагдах нь тэр. Гэхдээ түүний багшлах эрхийг нь хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус хуулийн зөвлөх байхаа ч болив.
Ингэж нэг ёсондоо бараг л лааз өшиглөж явсан мань эрийг ардчиллынхан “бяцхан” олонхи болонгуутаа “од” болгож, өөд нь татаж эхлэв. Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараахан багшийгаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар томилж, магнайг нь тэнийлгэлээ.
Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх шинэхэн байгууллага хаалгаа нээж, мань эр гишүүнийнх нь тоонд багтав. Түүгээр зогсохгүй өнөөдөр дарга нь болох гээд сууж байна. ШЕЗ-ийн даргыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж батламжлах учиртай.
Товчхондоо, нэгэн үе өөриинх нь зөвлөхөөр ажиллаж байсан өнөөх эрийг үг дуугүй батлах юм байгаа биз. Гол нь хуульч хүн бусдын амь насыг бүрэлгэчихээд жишим ч үгүй тэр салбарын толгой өөд тэмүүлэх гээд байгаа нь ариун явдал уу, ардчилсан Ерөнхийлөгч өө.
Таны яриад байсан шүүхийн шинэтгэлийг хийж чадах хүн тэр мөн үү. Шударга л байх зарчим алдагдчихгүй байгаа гэх хардлага өөрийн эрхгүй хуулийн салбарынхнаас цухалзаад эхэллээ.
Ц.Элбэгдоржийн нэрийн хуудас болсон Шүүхийн шинэтгэлийн хуулиуд хэрэгжиж эхэлснээр Шүүхийн хараат бус байдлыг хангах үндсэн зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч толгойлдог байсан хуучин зохицуулалтыг халж хараат бус бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулсан гэж ардчиллынхан тодотгодог.
Гэтэл Н.Лүндэндорж хараат бус нэгэн мөн үү, ардчиллынхаан. Ерөнхийлөгчийн зөвлөх асан, Х.Тэмүүжингийн багш нарийн яривал ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гээд хэлчихэд хилсдэхгүй юм биш үү. Дээр нь хүний үрийг хөнөөчихөөд хариуцлага хүлээгээгүй энэ эрд хэн итгэх юм, Ерөнхийлөгч өө.
Энэ Шударга л байх шинэчлэлийн нэг хэлбэр юм уу. Та санаж байгаа бол Н.Лүндэндорж нэгэн хэвлэлд “Шүүхэд нөлөөлөх явдал өмнө нь хэт хавтгайрсан байсан” гэж хэлж байсан даа. Энэ бол түүний хувьд санамсаргүй унагасан үг биш.
Хүний амь нас хохироочихоод, хуулийн байгууллагын хаалгыг татаж байхдаа амталсан түүний үг. Шулуухан хэлэхэд, нөлөөлж чадсанаа бахархан хэлсэн бардам сэтгэл нь цухалзаад байгаа юм биш үү, Ерөнхийлөгч өө. Дээрх хэргээс энгийн иргэд лав мултрах аргагүй.
Үг, дуугүй хуулийн заалт уншуулаад аавын хаалга татна. Тийм биз, Ц.Элбэгдорж оо. Нөгөөтэйгүүр. энэ хүн хуульч биш филисофич гэдгийг нь гавьяат хуульч С.Нарангэрэл хэлсэн.
Н.Лүндэндоржийг өөд нь татаж, өдий зэрэгт хүргэсэн хүн нь гэгддэг С.Нарангэрэл хүртэл “Хүн алчихаад зүгээр мултрахад хууль урвуулан ашигласан хүн ядаж хэсэг хугацаанд дуугүй байж хуулийн салбарынхны нэр хүндийг хайрлаасай гэж түүний өмнөөс би бодох л юм” хэмээн халаглан ярьсан.
Тийм биш гэж үү, Ерөнхийлөгч өө. Хэрэг хуучирдаггүй юм гэж хэлээд хариуцлага хүлээлгэхийн оронд толгойг нь илээд өөд нь мацуулна гэдэг лав л шударга л байхыг хэлэхгүй байх.
Д.Дорж
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих