Б.Бат-Эрдэнийн менежерээр МАН-ын дарга, Ц.Элбэгдоржийн менежерээр даян аварга А.Сүхбат ажиллана

Өчигдөр МАН өөрийн намаас Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээнд “МАН Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, намын дүрмийн дагуу нэр дэвшигчийг дэмжиж ажиллана. Удирдах зөвлөлөөс сонгуулийн штаб байгуулж нэгдсэн удирдлагаар хангана.

Намын Бага хурал болон УИХ-ын гишүүдийг аймаг нийслэлд ажиллуулна. Хуульд заасны дагуу санхүүжилтийг бүрдүүлж өгнө. Нэр дэвшигчийн нэр хүндийг гутаасан, гүтгэн доромжилсон тохиолдолд хуулийн дагуу хамгаалж ажиллана” гэж заажээ. Мөн “Нэр дэвшигч нь намын дүрмийн хүрээнд ажиллана. Төв штабаас гадуур ганцаарчилсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт ч бий аж. Энэхүү гэрээнд МАН-ын дарга Ө.Энх-түвшин, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан юм.

 

Энэ үеэр нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ :  “Энэхүү итгэлцэл, хариуцлага, харилцааны гэрээг чандлан сахиж ажиллах болно. Намайг дэмжих намын нөхдөдөө талархал илэрхийлье. Миний бие энэ сонгуульд шударга зарчмыг баримталж, монгол хүний жудаг, хүн чанарыг дээд зэргээр эрхэмлэж өрсөлдөх болно. Бусад нам, эвслээс нэр дэвшигчид мөн улс төрийн соёлтой байж шударгаар өрсөлдөнө гэдэгт итгэж, найдаж байна. Хэрэв сонгуульд ялбал эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө ажиллах болно” гэлээ.
Ийнхүү Б.Бат-Эрдэнийн менежерээр МАН-ын дарга ажиллах болсон бол Ц.Элбэгдоржийн менежерээр даян аварга А.Сүхбат ажиллаж магадгүй тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Энэ нь түүний PR-ын бодлогын нэг хэсэг гэх агаад тун удахгүй албан ёсоор баталгаажих биз ээ.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих