Я.Одсүрэн: Бид ”түрүүлж үхсэн нь амиа хичээсэнд тооцно” гэсэн утга учиртай уриалгатай
-Тоглолтоо чухам яагаад “Харанга”-ынх биш Одсүрэнгийн гэж онцолсон бэ?
-Хамтлаг байгуулагдсаны 25 жи лийн ой ирэх онд болно. Тиймээс гишүүдийнхээ нэрэмжит тоглолтуудыг зохион байгуулахаар шийдсэн. Тэгээд эхний тоглолт нь надаар эхэлж байна. Тоглолтын гол үүргийг хамтлагийнхан маань гүйцэтгэнэ. Түүнээс гадна өөр уран бүтээлчдийн нийтдээ 30-аад дууг хүргэхээр бэлтгэж байна. Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, “Чингис” хааны Д.Жаргалсайхан болон “Хурд” хамтлагийнхан оролцоно. Мөн миний 1988 оны “Чамайг тоссон зам”, 1975 онд аравдугаар ангид байхдаа зохиосон “Хүжийн гал” зэрэг дуу багтсан. Энэ тоглолтын дараа үргэлжлүүлээд намар есдүгээр сард Чукагийнх болно. Хамтлагийнхнаас Чука, Манлай бид гурав ая зохиодгийг хүмүүс мэднэ. Мөн Лхагваагийн шүлгийг нь бичсэн “Бүсгүйн заяа”, “Бодлын тэнгис”, “Хайтан цэцэг” гээд сайхан дуу бий. Миний дуунуудын 90 хувь нь Лхагваа, Манлайгийн шүлэг байдаг. Гаднаас авсан шүлэг цөөхөн дөө.
-Хамтлагийнхан шинэ дуугаа хатуу шүүлтүүрээр шүүж хүмүүст хүргэхээр шийддэг гэсэн. Тэгэхээр санал зөрөх үе гардаг байх?
-Бид мэргэжлийн хөгжимчид. Тиймээс шинэ уран бүтээл гаргахдаа хамтлагийн гишүүдийн нэгдсэн саналаар баталдаг. Таван хүний гурав нь зөвшөөрөөгүй, “Харанга”- ын бүтээл болж чадаагүй дуу олон байгаа. Гэхдээ би энэ зарчмыг нэг удаа зөрчиж байсан. 2009 онд гаргасан “Харангын Оогий” цомгоо тэднээс асуулгүй ёстой чөлөөт уран бүтээлч шиг хийсэн дээ. Ер нь манай хамтлаг тооны биш чанарын төлөө явдаг. Бид социалист нийгмийн бүтээгдэхүүн. Тухайн үед дууг дуулахын тулд ая, шүлгийг нь батлуулдаг байсан. Мундаг хүмүүсээр гарын үсэг зуруулсны дараа дуу сонсогчдод хүрэх эсэх нь шийдэгддэг байлаа шүү дээ.-Чука ах “Харанга байгуулагдсанаасаа хойш хийсэн дуунуудаа бүтээл болгоод гаргасан бол магадгүй тэндээс олон сайн дуу төрөх байсан” гэж хэлж байсан. Гэхдээ хүмүүсийн сонорт хүрээгүй ч гэсэн тухайн үеийн дуунууд одоо ч гэсэн хадгалаастай байдаг гэж бодож байна?
-Бид дөрвөн цомогтой. Гэхдээ цомгуудад ороогүй олон дуу бий. Тэдгээрийг хүмүүст сонсгоход шинэ дуу л гэж хэлнэ. Чукагийн хэлдэг үнэн. Бид тухайн өдөр шинэ бүтээлийг сонирхоогүй хойш нь тавьсан байж болно. Гэхдээ тэдгээр дуу нотлогдоод бэлэн байгаа юм чинь дахиад тоглоход хожимдохгүй байх. Уран бүтээлч хүн байгаагаасаа илүү холыг харж, урагшаа тэмүүлж байж үзэгчдийн дуртай бүтээлийг хийнэ. Тиймээс хойшоо ухарч өнгөрснөө ухалгүйгээр шинэ зүйл эрэлхийлэх хэрэгтэй гэж бодож байна.-Та хамтлагийнхантайгаа танилцахаас өмнө Энхманлайтай нөхөрлөсөн гэл үү?
-1975 оны сүүлээр би аравдугаар анги төгсөөд Улаанбаатар өртөө одоогийн вокзалд “Ногоон гэрэл” хамтлагийнхантай таарч хамтлаг байгуулсан. Тухайн үед л Энхманлайтай танилцаж, өдийг хүртэл хамт уран бүтээлээ хийж байна. Өөрөөр хэлбэл, нэг мөрөөдөлтэй учраас түүндээ хөтлөгдөөд хамтлаг байгуулсан хоёр доо. Хүн чинь зорилгынхоо төлөө тэмцээд ирэхээр аяндаа өөртэй нь адилхан хүсэл мөрөөдөлтэй хүмүүстэй таардаг юм билээ. Түүний дараа “Соёмбо”-д зургаан жил байсан. Тэр хугацаанд уран бүтээл, гэр бүлийнхээ хувьд ч нэг нэгийгээ ойлгоод ирэхээрээ нөгөө чиг шугам аяндаа тодорхой болоод ирсэн юм. Мэдээж “Харанга”-ынхан бүгд рок сонирхдог байгаагүй. Жишээ нь, Чука жааз төрлөөрөө явсан бол том амжилт гаргах байсан хүн дээ. Хамтлагийн олонхи нь рок хөгжмийн урсгалыг сонгосон болохоор Чука жааз хөгжмөө орхисон. Гэхдээ одоо эрүү өвдөг нийлсэн өвгөн болсон биш, бодож санасан зүйлээ хийх байх аа.
-Таны яриаг сонсоод уран бүтээл хийхэд нас хамаагүй юм шиг санагдаж байна?
-Ер нь бид бие биенээ хайрлах, хүндлэхээс эхлээд шүүмжлэхэд хүртэл нэг нэгнээ зөвөөр хүлээн авдаг учраас хамтлаг урт удаан оршиж байгаа юм. Түүнээс биш би гээд цээжээ дэлдээд байвал явахгүй байсан болов уу. Хүмүүс биднээс тэтгэвэрт гарах уу энэ тэр гэж асуудаг л юм. Тэтгэвэрт гарахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ миний арван хуруу хөгжим тоглож чадахаа болчихвол бусдадаа шавар болоод суугаад байхгүй нь ойлгомжтой. Тайзнаасаа буухаас өөр аргагүй шүү дээ. Түүнээс биш “Rolling Stongs” одоо 70 гаруй настай ч дуулаад л явж байна. Бид адилхан хохимой толгой, хоёр гартай биз дээ. Тиймээс тоглох орон зай байвал оршин байхын төлөө зүтгэнэ. Гэхдээ “Харанга”-ынхны “Түрүүлж үхсэн нь хувиа хичээсэнд тооцно” гэсэн уриалга бий. Хамт олныхоо нэр хүндийг авч явахын тулд бие эрүүл, сэтгэл санаа өөдрөг байж цаашаа явна уу гэхээс би өвдлөө гээд нөгөө хэдийнхээ ажлаас хойш нь татаад байвал хэцүү. Тэгэхээр үгэндээ биш цаанаа учир утгатай уриалгатайдаа бид.
-Хамтлагийнхны 24 жилийн түүхтэй салшгүй холбоотой, мартагдашгүй анд нөхөр олон бий юу?
-24 жил ч гэлтгүй түүнээс өмнөх арав гаруй жилтэй нэгтгээд 40-өөд жил хамт явж байна. Залуу насанд хэрүүл маргаан гарахаас эхлээд янз бүрийн юм болно. Бие биенээ доромжлох, уран бүтээлээс болоод ам зөрөх үе ч гарна. Гэхдээ маргааш нь ирэхдээ тэрийг мартаад ажилдаа ирдэг тэнхээтэй байсан учраас бид өдийг хүртэл явж байна. Монголчууд гурав алхаад нэг алхам ухар гэдэг. Бид тийм л зарчмаар амьдарч байна.
-Нэгэн үеийн хамтлагийн гишүүн Хангалын Булганы тухай дурсвал?
-Би 1973 оноос хөгжимд дурласан. Тэгээд Манлайтай таараад хоёулаа болсон. Одоо СУИС-д багшилж байгаа Соронзонболд гээд багш бий. Тэр маань тухайн үед бөмбөр тоглодог байлаа. Гэтэл Соронзонболд биеийн байдлаас шалтгаалаад бөмбөр тоглохоо болиод 1983 онд бөмбөрчин Пүүжээтэй хамт Монголын радиод ардын гурван дууг орчин үеийн хэмнэлээр найруулан тоглосон. Тухайн үед Манлай “Соёмбо”- оос халагдаад циркэд ороод тэнд Булгантай танилцсан. “Харанга” драмын театрт очихдоо Пүүжээ, Булган, Манлай бид дөрөв л байсан. Хэсэг хугацааны дараа Булган маань хамтлагаас гараад “Соёл- Эрдэнэ”-д орсон. Нийтийн дууны зохиолч Найданжав тухайн үед манай хамтлагийн дуучин байсан юм. Тэр бас гараад хамтлаг гурван гишүүнтэй болсон. Чукаг халагдах гэж байгаа сураг гарахаар нь уулзаж хамтлаг болсон. Дараа нь Чука Лхагвааг танилцуулж өнөөдрийн “Харанга”-ын гишүүд бүрдсэн дээ. Тэгээд 1989 онд анх “Амьдрал” тоглолтод одоогийн бүрэлдэхүүнээрээ тоглож байсан. Түүний дараа 1993 онд Булган “My rock” тоглолтод “Соёл-Эрдэнэ”-ээс гараад эргэн ирж тоглож байсан. Ингэж 1993 оны тоглолтод даралтад хөгжимчин авьяаслаг залуугаар бүлж нэмж байлаа. Хожим нь Булган Америк уруу яваад бид тав үлдсэн юм. Булганы хувьд надаар хэлүүлэлтгүй хүн болгон мэднэ. Мэргэжлийнхэн дотроо авьяасааараа үнэлэгдсэнээс гадна хөгжим найруулахад бидэнд их зүйл өгсөн. Харамсалтай нь, найз маань залуугаараа бурхан болсон доо.
-Тухайн үед хамтлаг тоглолтоо долоон удаа хийж одоогийнхоор амжилт тогтоож байсан гэдэг юм билээ?
-Циркэд “My rock”-оо долоо хоног тоглосон. Тухайн үед нэг ам.доллар 500 төгрөг байсан. Тэр үед бид тасалбараа нэг ам.доллараар худалдсан юм. Өөрөөр бол, оюуны хөдөлмөрийг анх нэг ам.доллар болгож үнэлсэн тоглолт “My rock” доо. -Одоо ч гэсэн “Харанга” тоглолт хийхэд заал дүүрэн байдаг. 2000 оны сүүлээр Та хэд Сүхбаатарын талбайд тоглоход бараг л зогсох газар олдохгүй хөдөлгөөнтэй байсан санагдана. Хааяа хааяахан задгай талбайд бут авч байвал хүмүүс баярлана даа? -Бид 25 жилийн ойн тоглолтоо л тэгж хийх гээд ярилцаж байгаа. Их өргөн хэмжээтэй тоглолт болно.
-Таны зохиосон бүтээлүүдээс эзэнтэй дуу бий юу?
-Ер нь дуу болгон эзэнтэй шүү дээ. “Алсын гялбаа” дууныхаа аяыг эхнэртэйгээ анх танилцчихаад сэтгэл хөдлөлөөрөө эхний дөрвөн такт бичиж байлаа. “Энэ бол дурлал биш” дууг өөртөө их сайхан зохисон хувцасласан хүнд зориулж хийсэн гээд түүхтэй дуунууд бий.
-Гитартайгаа хэдэн жил найзалж байна вэ?
-Бага сургуулийнхаа тайзан дээр гарсныг тооцвол 44 дэх жилдээ гитартайгаа найзалж байна. 20 дугаар сургуулийн Чүлтэм багшийн шавь болж анх сургуулийнхаа тайзан дээр гарч байсан юм. Түүнээс хойш муу явах үед хань, сайн цагт сэтгэл өөдрөг болгодог ганц найз минь гитар болсон.
-Танд одоо хэдэн гитар байдаг вэ?
-Хоёр гитар бий. Солигдсон гэвэл замбараагаа алдсан л даа. Бидний үед социалист орон гээд Герман, Чехийн гитар их сайн байсан. Тэр гитаруудаар ч тоглосон. Харин 1990-ээд оноос хойш дэлхийн хэмжээний хамтлагуудын тоглодог гитараар тоглож байна.
-Дууны эзэн болсон гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Манай эхнэрийг Оюунчимэг гэдэг. Монголбанкны эрүүл ахуйч эмчээр ажиллаж байгаа. Хань минь надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн дархан бэр дээ. Том хүү хийл тоглодог. Одоо Америкт мастераар суралцаж байгаа. Тэгээд давхар удирдаачийн сургуульд суралцдаг. Хоёр дахь хүү маань физик электроникийн чиглэлээр Хятадад суралцдаг. Бага хүү 10 настай.
-“Харанга” хамтлаг залгамж халаагаа бэлтгэх талаар ямар бодолтой явдаг юм бол?
-Хамтлаг маань “Харанга”-аараа дуусна. Ер нь хоёр, гурав дахь “Харанга” гэж байх шаардлагагүй. Биднээс гитар тоглохыг заагаад өгөөч гэсэн хүн ирдэг. Түүнээс бид халаагаа бэлтгэнэ гэж боддоггүй, байх ч шаардлагагүй гэж боддог.
-Сүүлийн үед борооны дараах мөөг шиг амьд хөгжмийн хамтлагууд байгуулагдах болжээ. Үүнийг Та мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэдэг вэ?
-Энэ бол баярламаар маш сайн зүйл. Ер нь фонаграмм тавьчихаад үзэгчдийн өмнө амаа хөдөлгөөд зогсоно гэдэг нь өөрийгөө болоод хүмүүсийг доромжилж байгаа хэрэг шүү дээ. Одоо манай улсад хөгжмийн бүх урсгалын хамтлагууд гарч ирж байна. Тэдгээр шинийг сэдэж байгаа хүүхэд залууст баяр хүргэнэ. Хүмүүс олон, чанаргүй хамтлагууд төрлөө гэж ярьдаг. Гэхдээ яваандаа хэдэн мөөг нь л үлдэнэ шүү дээ. Энэ чинь аажимдаа амьдралын шалгуураар шигшигдэнэ. Гадаад аялгууг дууриаж байна гэж шүүмжилдэг. Тэд дууриаж л байг л дээ. Тэртээ тэргүй тэд монгол аялгуугаа тоглоно шүү дээ. Гадаадад очоод гадаад дуу дуулбал хүлээж авах уу монгол бүтээл хүргэвэл сонсох уу гэдгийг аяндаа харуулаад өгнө. Тиймээс тэрийг одоо шүүмжлэх шаардлагагүй. Би маш их баярладаг. Тийм залуустай уулздаг. Би тоглолтынхоо дараа нэг хамтлагийнхантай очиж уулзаж, тулж ажиллая гэж бодож байгаа. Одоохондоо хамтлагийнх нь нэрийг хэлээд яахав аяндаа тодорхой болно доо.
URL: