Төсвөөс гадуур хоёр данс нээсэн нь илэрчээ
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баруунбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад боловсролын стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хэд хэдэн зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, бага ангийн зарим хичээлийн стандартын үр дүнг нь тооцож хэвшээгүй, физик, хими, гадаад хэл, технологи, мэдээлэл зүй, хөгжмийн болон бусад хичээлүүдийн сургалтын орчин бүрдүүлээгүй, сургуулийн нэгдсэн сургалтын хөтөлбөргүй, сургалтын хэрэглэгдэхүүн, сурагчдын бүтээлийн сангийн баяжуулалт, ашиглалт хангалтгүй, багш өөрийн ажлыг үнэлж дүгнэх болон сурагчдыг үнэлэх үнэлгээний шалгуур хангалтгүй байжээ. Мөн анги удирдсан багш нар сурагчдын хүмүүжил, төлөвшлийн талаар төрөл бүрийн судалгаа хийж ажилладаггүй, байгууллагын дотоод журам, сургуулийн дүрэм зэрэг нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг бичлэгийн стандартын төвшинд шинэчлэн боловсруулаагүй гэхчлэн олон асуудал хөндөгдлөө.
Мөн санхүү хяналтын чиглэлээр Ахмадын сан, Хандивын сан нэрээр ХААН банкинд 2 данс нээн сургуулийн захирал, нягтлан бодогч нар нэг, хоёрдугаар гарын үсгийг зурж зарцуулсан нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Тэрчлэн 2012 онд багш ажилчдад олгох үр дүнгийн урамшууллын зардлыг зориулалт бусаар зарцуулсан, цалингийн сангаас хэмнэгдсэн зардлыг зөвшөөрөл авалгүй дур мэдэн хэтрүүлэн зарцуулсан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэнд 4900,0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоож, хоёр албан тушаалтанд 1464,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ аван төсвөөс гадуур нээсэн хоёр дансыг хаах албан шаардлага өглөө.
Өвөрхангай аймаг Б.Батчимэг
МОНЦАМЭ
URL: