Санхүүжилтээр суусан СЭЛБЭ мөд сэргэх үү
Сэрүүн Сэлбийн урсацыг сайж руулж, орчныг тохи- жуулах төсөл хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн оны долдугаар сард бүрэн хэрэгжих ёстой байсан төслийн ажил он дамжин өрнөсөн ч дуусаагүй л байна. Сэлбэ гол нийслэлийг чимж байх тэр үед нийслэлчүүд хэзээ нэгэн өдөр энэ голыг ширгээд алга болчихно гэж төсөөлөөгүй суусан биз. Харин өнөө цагт хэчнээн тэрбумаар нь хөрөнгө хаяж “Яаж аврая даа” гэж аргаа барж сууна. Тодруулбал, 2011 оны есдүгээр сард “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, эргийг нь тохижуулах ажлын зураг төслийг Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, “Усны эрчим” компанитай хамтран 2011 онд боловсруулсан байдаг. Ингээд Сэлбэ голын Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж тохижуулан хотын төв хэсэгт амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөсөн . Харин энэ ажилд 8.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм билээ. Нийслэл санхүүгийн боломж тааруугаас болж Сэлбийг сэргээх ажлыг хөрөнгөндөө тааруулж хоёр, гурван хэсэгт хувааж хийхээр шийдвэрлэсэн. Ерөнхий сайд асан С.Батболд УИХ-ын гишүүний багцаасаа нэг тэрбум төгрөг хандивласан. Ингэснээр Сэлбийг сэргээх ажил өрнөсөн гэх үү дээ. Гэхдээ энэ ажил эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөдөр нийслэлчүүд үр дүнг нь амсаагүй л сууна. Уг нь 2011 онд эхэлсэн ажил дараагийн жилдээ тодорхой ахицтай байх учиртай. Гэтэл олон шалтаг, шалтгаанаар ажил цалгарджээ. Уг төслийг гүйцэтгэхээр “Норбу”, “Шимт газар” компаниуд шалгарсан. Харин ажил удаашралтай байгаа нь тухайн компаниудтай холбоогүй гэж “Сэлбэ” төслийн гүйцэтгэгч “Норбу” ХХК-ийн захирал Г.Батмөнх хэллээ. Учир нь тендер оройтож зарлагдсанаас гадна голын голдрилыг нээж хуримтлагдсан лаг хөрсийг 0.8-1.5 метр хүртэл хуулж зайлуулснаас байнгын устай нөхцөлд ажил явагдаж, хөрсний усыг их хэмжээгээр зайлуулах, хөрсний уснаас тогтсон хоёр метр зузаан мөсийг ухаж авах зэргээс болж ажил удааширчээ. Мөн өнгөрсөн зун хур бороо их орсноос Сэлбэ үерлэж голын голдрилд ажил явуулах боломжгүй болсон зэрэг шалтгаанаас болж ажлын ахиц гарсангүй гэж сууна. Урин цаг наашилсан энэ үед ч уг төсөл үргэлжлэн хэрэгжих эсэх нь тодорхойгүй л байна.
НИЙСЛЭЛ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Д.Дэлгэрмаагийн хэлснээр бол ажлын бригад нь бэлэн болсон тул төслийг үргэлжлүүлээд явах гэнэ. Түүнчлэн эхний ээлжийн 350 метрийн тохижилтын ажлыг Улсын баяр наадмаас урьтаж ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгаа аж. Энэ нь зөвхөн эхний хэсэг. Үүний цаана бараг нэг км-ийн ажил бий. Энэ ажлыг хийх хөрөнгө нь одоо болтол сураггүй байгаа ажээ. Уг нь хоёрдугаар ээлж буюу үлдсэн ажлыг хийх хөрөнгийг өнгөрсөн жилийн төсөвт суулгасан ч тендер нь зарлагдаагүйгээс болж хөрөнгөө эргүүлэн татсан байна. Тиймээс энэ жилийн нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар төлөвлөж байгааг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна. Гэхдээ хөрөнгө батлагдах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Эхний хэсгийг нь ирэх долдугаар сард хүлээлгэж өгнө гэдэг таатай мэдээ байгаа ч, одоо хөрөнгө нь шийдэгдээгүй, тендер нь зарлагдаагүй байгаа хоёрдугаар хэсгийн ажил ойрын хэдэн жилдээ үлгэр болж магадгүй нь.
“СЭЛБЭ” 20 ХУВИЙН АЛДАГДАЛТАЙ ТӨСӨЛ ГЭНЭ
Энэ төсөл хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнээс 70 сая нь зураг төсөл, 30 сая нь хяналтын зардал гээд гүйцэтгэгч компанид өгдөггүй гэнэ. Ер нь л бусад төсөл ч ялгаагүй ийм л байдаг юм хойно. “Сэлбэ” төсөлд хамтарч ажиллахаар БНХАУ-ын инженер техникийн гурван компанид санал тавьжээ. Гаднын инженерүүд 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг хэдээр хийх вэ гэхэд тэд ажлын хөлс 1-1.2 тэрбум болно гэж. Гэтэл төслийн төсөвт ажилчдын зардал хэмээн 250 сая төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, төслийн нийт зардлын 14 хувь нь цалин хөлсөнд, үлдсэн 86 хувь нь бараа материалд төсөвлөгдсөн байна. Иймээс хятад инженерүүдээс татгалзаж ОХУ-ын Эрхүү хотын инженер техникийн компанитай хамтран ажилласан байна. Орос инженерүүд төслийн багийнхантай нэг жил ажиллаж, төслийг нэлээд гольдролд нь оруулж өгчээ. Тэдний явсан шалтгаан нь мөн л санхүүтэй холбоотой гэв. Инженерүүдийн цалин өндөр учир дарамт болж эхэлсэн байна. Төслийг гардан хийж буй “Норбу” ХХК-ийн захирлын хэлснээр бол “Сэлбэ” төсөлд хоёр биш, гурван тэрбум төгрөг шаардлагатай” гэнэ. Тэгэхээр гурав байтугай хоёр тэрбумын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байгаа нь ерөнхийдөө хэрхэн хэрэгжих төсөл болох нь илхэн. Гүйцэтгэгч компанийнхан төсөв хэтэрсэн нөхцөл байдлыг өөрсдөөсөө зайлуулж төслийн зураг гаргасан компани уруугаа чихэж сууна. Жишээлбэл, “Гол дундуур бохирын шугам явж байсан. Түүнийг холдуулж, янзлахад тодорхой хэмжээний цаг хугацаа, зардал гарна. Мөн судалгаа хийхдээ өрмөө буруу цагт тавьсан. Гурван сард гол хөлдүү байхад өрөмдсөн. Тэгээд дөрвөн метрийн дор гадаргын ус шургасан байдалтай байна гэж тооцсон. Гэтэл дөрөвдүгээр сараас барилгын ажил эхлэхэд гадаргын ус хөрсний түвшинд гараад ирсэн. Бульдозероор нэг шанагадахад л ус гараад ирсэн. Үүнээс үүдэлтэй маш их зардал гарч байгаа. Ер нь “Сэлбэ” бол 20 орчим хувийн алдаатай хийсэн төсөл” гэж гүйцэтгэгч нь онцолж байгаа юм. Төслийн өртгийг анхнаасаа буруу бодсоноос одоогоор гүйцэтгэгч компани 250 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл ямар ч ашиггүй ажиллаж байгаа юм байх. Харахад 350-хан метр газарт ямар их хөрөнгө зарцуулдаг юм гэж хардах хүн цөөнгүй. Тэгвэл инженерүүдийн хэлснээр гол дотор гидротехникийн барилга байгууламж барина гэдэг сургууль, цэцэрлэг, орон сууц барихаас тэс ондоо зүйл гэж байна. Мөн төслийн гүйцэтгэгч компанид аудитын шалгалт орсон. Уг шалгалтаар зөвхөн төсвийн зарцуулалтыг хянаад зогсохгүй гэрээний биелэлтийн хугацаа, чанарыг давхар шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй төслийн ажил 80 орчим хувьтай явна гэсэн дүн гарчээ. Одоо тохижилтын ажлууд л дутуу байгаа. Зүүн хэсгийн явган хүний шат, явган хүний зам, зүүн талын хананы чулууны ажлууд, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажил хийгдэх үлджээ. Мөн төслийн хүрээнд гүйцэтгэгч компани мод тарих ёстой. Тэд өнгөрсөн жил нэлээд хөрөнгө зарж гурав хоногийн турш мод, бут тарьсан байна. Гэтэл тухайн өдөр нь хүчтэй бороо орж, үерлэснээр дөнгөж тарьсан ургамал лаг шаварт орчихжээ. Одоо бүгдийг нь сугалж аваад дахин тарих гэнэ.
СЭЛБИЙН УРСАЦЫГ САЙЖРУУЛАХ УСАН ХАЛИАГУУРЫН ЗУРГИЙГ ШИНЭЭР ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ
Түүнчлэн голын урсацыг сайжруулах чиглэлд ямар ч ажил хийгдээгүй гэх хардлага бий. Хур бороо багатай жил Сэлбэ тасрах шахдаг. Уг нь анхандаа хөрсний усыг хоолойгоор Сэлбэ рүү татаж, урсацыг нь сайжруулна гэж байсан. Тэгвэл худаг гаргаж усны урсацыг нэмэгдүүлнэ гэсэн төслийн анхны зураг үндсэндээ өөрчлөгджээ. Учир нь ус татах хөрсний ус зайлуулах хоолойны ус нь бохир, хэрэглэж болохгүй гээд өөрчилсөн гэх. Анх хэрэгжүүлэхдээ хөрсний болон үерийн усыг ашиглан, Сэлбийн урсацыг нэмэгдүүлнэ гэж байсан. Өөрөөр хэлбэл, зураг төсөлдөө Улаанбаатар хотын төв, хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлэхээр тусгасан. Гэтэл энэ ажлыг огт хийгээгүй тухай албаны хүн ярив. Энэ нь төслийн ажлыг хэт хурдтай хийсэн болон зураг төсөл алдаатай гарсантай холбоотой гэнэ. Тэгээд ч урсацыг нь сайжруулахад бүр их хөрөнгө мөнгө орох юм байх. Сэлбэ гол гэр хорооллын дундуур багагүй замыг туулж, маш их хог, лагтай урсан ирдэг зэргийг тооцон Сэлбийн урсацыг сайжруулах усан халиагууртай боомтын зураг шинээр хийж эхэлж байгаа юм байна. Гэхдээ энэхүү зураг төслийг дөнгөж боловсруулж байгаа учир хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх нь бүү хэл, хаана яваа нь ч сураггүй. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр Сэлбийг сэргээж байгаа нэрийн дор сэргээсэн юм юу ч алга. Ер нь энэ төсөлд алдаагүй юм гэж алга аа. Ямартаа ч Эртээ урьдын цагт Сэхээнд орсон Сэлбэ голыг энэ жилдээ багтааж сэргээнэ гэж албаныхан хэлж байгаа ч ажил нь хол зөрүүтэй явна.
URL: