Үнэтэй машин шүтэж хуучныг нь “хазаарлая”
Хятадад цэргийн дарга нарыг үнэтэй дээд зэрэглэлийн машин унахыг хориглосон байна. Гэхдээ зөвхөн албан ажилд унахыг хориглосон гэнэ билээ. Энэ нь ямар шалтгаантай вэ гэвэл улсын тусгай зөвшөөрөлтэй улаан тэмдэгтэй машинууд дурын эгнээгээр саадгүй явдаг аж. Гэтэл үүнийг нь хүмүүс дуурайж хуурамчаар үйлдснээс үүдсэн гэнэ. Харин манай оронд төрийн албан хаагч төрийн зүтгэлтнүүдийн УБҮ, УБЗ дугаартай машинууд ямар л бол ямар өдөр явдгийг эс тооцвол шүү дээ. Гэхдээ нэг өдөр дугаарын хязгаарлалтаар явдаг. Манай сайд дарга нар болон төрийн албан хаагчид бүгд Lexus-570, 470, Land-200,100 унадаг. Тэднийг хэн ч ажлын өдөр үнэтэй машинуудаа “битгий уна” гэж хазаарладаггүй. Учир нь Хятадыг бодвол манай нийслэл өнгө үзэмж нэмж байгаа хэрэг шүү дээ. Үнэтэй машин их байх тусмаа л нийслэл маань өнгөтэй, өөдтэй харагдах учраас хятад шиг хазаарлахгүй. Хамгийн гол нь манай нийслэл иргэдээсээ их машинтай болоход тун ойрхон байгаа. Гэхдээ энэ бол эрсдэл биш харин ч сайн хэрэг. Одоо тэр хуучин хямдхан машинуудаа бүгдийг нь халж шинэ бас үнэтэй машин авцгаая гэж уриалмаар байна. Учир нь хятадад үнэтэй машинийг хорьж байгаа юм чинь манайд үнэтэй машин хямдаар орж ирэх боломжтой. Хэзээнээсээ ганган хээнцэрт дуртай монголчуудыг хөхүүлэн дэмжих л хэрэгтэй. Сайхан машин эрийн чимэг гэдэг үгтэй ч болсон байна билээ. Гэхдээ нэг шалгуур байх хэрэгтэй тэр нь маш үнэтэй байх ёстой. Ямар ч хамаагүй өндөр үнэтэй л бол тэр машиныг ямар ч дарга нь торох юмгүй барьж болно. Үнэтэй машин барьж болно гээд дэмжчихвэл зөрөөд хямд машиныг явуулахгүй хууль гарчих байлгүй дээ. Нөгөө хэдэн хуучин машинуудыгаа явуулах газаргүй болтол нь хуульчилчихвал яана аа. Харсан дуулснаа хэрэгжүүлэх дуртай хүмүүсийг Монголчууд гэдэг. Тэгвэл хөөрхий хуучин машинуудыг хазаарлаад үнэтэй, өнгөтэй нь явна гэвэл ч хэцүүхэн юм болох нь. Хуучныг нь халж үнэтэйг нь хүндэлж замаа хүртэл ялгах их ажилтай болж мэдэх л юм даа.
Э.Баясгалан
URL: